өдөр
шөнө
×

40 наснаас хойш хоолны дэглэмээ өөрчлөх ёстой

“40-өөс дээш насныхан хоолны дэглэмээ өөрчилбөл зохино, энэ нь эрүүл мэндэд тустай төдийгүй стрессээс сэргийлнэ. Газар дундын тэнгисийн хоолны дэглэм баримтлахад стрессийн түвшин буурдаг болохыг эрдэмтэд баталлаа. Эрүүл хөгшрөх, сэтгэцийн эрүүл мэндээ удаан хадгалъя гэвэл ийм дэглэм баримтлах хэрэгтэй” хэмээн “Nutrition Research and Practice” сэтгүүл бичжээ. Уг судалгаанд Өмнөд Солонгосын хот, хөдөөгийн 42-50 насны 1656 эр, эм хүмүүс хамрагдсан аж. Хэт их эсвэл хэт бага илчлэгтэй хүнс хэрэглэдэг хүмүүсийг уг судалгаанаас хасчээ. Газар дундын тэнгисийн хоолны дэглэм баримталдаг хүмүүсийг MTD баллаар үнэлэв. Оролцогчид ногоо, бүхэл үр, төмс, жимс, шош, загас ахиу хэрэглэх тусам MTD балл өндөр байсан. Эрдэмтэд энэ судалгаандаа хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, эдийн засгийн байдал, нас, биеийн жин, боловсрол, хөдөлгөөний идэвх, тамхи татдаг эсэх гээд олон хүчин зүйлийг харгалзан үзжээ. 
Газар дундын тэнгисийн хоолны дэглэмд шинэ ногоо, жимс, төмс, шош, үр ахиу багтдаг. Өдөр тутам оливын тос, сүү цагаан идээ, өндөг, талх, гоймон, паста, будаа, далайн гаралтай хүнс, олон төрлийн навчит ногоо ба амтлагч (тимьян, розмарин, орегано, базилик зэрэг), загас, шувууны мах хэрэглэнэ. Гэхдээ малын мах  бараг идэхгүй. Зарим нутагт улаан дарс нэмэгддэг. Хамгийн гол нь ийм хоолны дэглэмийг амьдралын идэвхтэй хэв маягтай хослуулах ёстой. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top