өдөр
шөнө
×

Аз жаргалтай бол эрүүл саруул

Сэтгэл санааны байдал эерэг байх тусам бие махбодид ашиг тустай хэмээн Жоржтауны их сургуулийн (ИС) болон Ратжерсийн ИС, Виржини мужийн ИС, Британий Колумбын ИС эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний туршилтын үр дүнг “Psychological Science” сэтгүүл нийтэлжээ. 
Эрдэмтэд өмнө нь аз жаргалтай хүмүүсийн дархлааны болон зүрх судасны систем бүхэлдээ үе тэнгийн бусад (сэтгэл дундуур) хүмүүстэй  харьцуулахад илүү сайн байдаг тухай судалгаагаа нийтэлсэн билээ. Энэ удаа тэд хүмүүсийн сэтгэл зүйн субъектив байдлыг зориудаар сайжруулж болох эсэх, энэ нь биеийн эрүүл мэндэд ашигтай эсэх талаар судалж туршилт явуулжээ.
6 сар үргэлжилсэн уг туршилтад 25-75 насны 155 эрүүл хүн сайн дураар оролцов. Оролцогчдыг санамсаргүй байдлаар 2 бүлэгт хуваасан. Эхний бүлэг хяналтын, иймээс ямар нэг ажиллагаа явуулаагүй. Харин 2-р бүлгийн хүмүүс тусгайлан боловсруулсан 12 долоо хоногийн хөтөлбөрт хамрагдлаа. Тус хөтөлбөрийн үр дүнд оролцогчид өмнөхөөс илүү аз жаргалтай болох ёстой байв. Эрдэмтэд 3 долоо хоногийн туршид өөрийн хүчтэй ба сул талыг олох, амьдралын үнэт зүйлс ба зорилгоо тодорхойлоход нь хүмүүст тусалжээ. Дараачийн 5 долоо хоногийн турш тэдэнд хэрхэн өөрсдийн сэтгэл хөдлөлөө ойлгож ухаарах, удирдахыг зааж сургасан. Оролцогчид төгсгөлийн 4 долоо хоногт эерэг нийгмийн харилцааны арга техникт суралцав. Гэхдээ энэ туршилт оролцогчдын бие махбодид огт хамааралгүй явагдсан. Өөрөөр хэлбэл, тэднийг эрүүл амьдралын хэв маягийг баримтал гэж уриалаагүй, мөн хоол болон нойрны дэглэмээ эсвэл ачааллаа өөрчлөхийг зөвлөөгүй, тулгаагүй. 
Гэсэн хэдий ч туршилтын явцад болон дараа нь оролцогчид өөрсдийн сэтгэл санааны байдал дээрдэж сайхан ааштай болсон тухай, хүч тамир ба эрч хүч нэмэгдсэн гэж ярьж байлаа. Тухайлбал, хяналтын бүлэгтэй харьцуулахад 2-р бүлгийн оролцогчид энэ туршилтын үеэр өвдөж эмнэлгийн акт авах нь цөөрсөн аж. "Оролцогчдын хувьд ийм эерэг, өөдрөг байдал нь туршилт дууссанаас хойш 3 сарын турш хэвээр хадгалагджээ. Иймээс та өөрөө эерэг, аз жаргалтай байх юм бол өвчин тусах нь бага бөгөөд эрүүл саруул амьдарна" гэж эрдэмтэд зөвлөжээ.   

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top