Тайваний Цзяотун үндэсний их сургуулийн эрдэмтэд пластик уут саванд савласан хүүхдийн сүү, тэжээлийн тухай судалгааныхаа үр дүнг олон нийтэд танилцуулав. Тэдний судалгааны материал “Environmental Pollution” сэтгүүлд нийтлэгджээ. Эрдэмтэд нэг удаагийн савтай, 6 төрлийн хүүхдийн сүүг судалсан байна. Сүүний шошгон дээр уут савыг полиэтиленээр (эсвэл бусад өөр материал) хийсэн гэдгийг бичсэн байв. Сүүний бүтэц, хэмжээнээс гадна түүнд агуулагдах бичил пластик болон бусад жижиг хэсгийн агууламжид мэргэжилтнүүд онцгой анхаарал хандуулжээ. Гэтэл хүүхдийн сүү тэжээлээс бичил пластик, бусад гадны биет илэрчээ. Өөрөөр хэлбэл, угжаар хооллодог хүүхдүүд өдөр бүр бичил пластик залгиж байдаг аж. Тодруулбал, хүүхдийн сүүнээс полиэтилентерефталат, нейлон-6, полиэтилены хэсгүүд нийтдээ 0,22-0,47 мг илэрснийг эрдэмтдийн судалгаа нотлов. Хэрэв хүүхэд ийм савтай сүүнээс хоногт 650-850 мл уудаг гэж үзвэл түүний бие махбодид 0,61-0,89 мг бичил пластик хоног тутам нэвтэрч ордог гэсэн үг.