ОХУ-ын Санкт-Петербург хотын “ITMO University”-н оюутнууд аалзны шүлсээр залуужуулах тос бүтээсэн тухай "РИА Новости" агентлаг мэдээлэв. Торгоны болон “Theraphosidae” аалзны шүлсний уурагт суурилан бүтээсэн шинэ тос нь арьсыг чангаруулж залуужуулахаас гадна шинэ эсүүд хурдан үүсэхэд нөлөөлдөг, шархыг хурдан аньж эдгээдэг, бас түлэгдэлтийг амархан эмчилдэг юм байна. Шинэ тосны шинж чанарыг лабораторийн нөхцөлд шалгасан ба “in vitro” судалгаа түүний үр дүнтэй болохыг нотолжээ.
“SilkIns” стартапын оюутнууд “Залуужуулах тосны эхний хэсгийг үйлдвэрлэсэн... Хэдэн долоо хоног хэрэглэхэд үр дүн илтэд харагдана” гэж мэдэгдэв. Тэд одоо Орост зохиогчийн эрхээ авахаар хөөцөлдөж байгаа зун гэхэд олон улсын патент авахаар төлөвлөжээ. “Оросын зах зээл дээрх залуужуулах тосын 80%-ийг гадаадын бүтээгдэхүүн эзэлж байна. Ийм учраас бид өөрсдийн залуужуулах тосыг гаргаж дотоодод үйлдвэрлэхээр шийдсэн” хэмээн стартапын санаачлагч Дауди Дауддин мэдэгдлээ.