өдөр
шөнө
×

Хиймэл оюуны тусламжтай хөргөдөг цонх бүтээжээ

АНУ-ын Нотр-Дамын их сургуулийн эрдэмтэд шинэ төрлийн шилэн материалыг Хиймэл оюуны тусламжтай бүтээсэн тухай “ACS Energy Letters” мэдээллээ. Өөрөөр хэлбэл, тог цахилгаан ашиглахгүйгээр өрөө тасалгааг хөргөх шинэ аргыг тэд сэдсэн аж. Энэ бол нарны хэт ягаан ба хэт улаан туяаг ойлгодог цонхны шилэн бүрхүүл, гэхдээ нарны үзэгдэх цацрагийг нэвтрүүлж үзэгдэх орчныг муудуулахгүй. Шинэ материалыг “TRC” гэж нэрлэсэн, орчуулбал радиацийн тунгалаг хөргөгч. 
Хиймэл оюун энэ материалын томъёог бодож олжээ. Шилэн суурьтай шинэ материал нь цахируын диоксид болон цахиурын нитрид, хөнгөн цагааны оксид, титаны диоксидын давхарлагатай ба дээгүүр нь силикон хальсаар хучсан аж. Цонхны шинэ материалын ачаар өрөө тасалгааг сэрүүцүүлэх зардал мэдэгдэхүйц буурчээ. “TRC”-г энгийн шилтэй харьцуулахад халуун ба хуурай бүс нутагт эрчим хүчний зардлыг 41% бууруулж байв. Түүнийг орон сууцанд төдийгүй машины шил болгон ашиглах боломжтой. 

"Дэлхийн дулаарал, зуны гоц халууны улмаас сүүлийн үед хүмүүс агааржуулалт, сэнс, хөргөлтийн тоног төхөөрөмжийг ашиглах нь улам ихэсч эрчим хүчний хэрэглээ ч өсч байгаа. Иймээс манай бүтээгдэхүүн эрэлт ихтэй байх болно" гэж эрдэмтэд ярилаа. Нэмж өгүүлэхэд, дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 15%-г сэнс, агааржуулалтын системийн зардалд зориулдаг юм байна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top