Дани улсын Орхусскийн их сургуулийн эрдэмтэд туршилт явуулсны эцэст “Хоол хүнсний зургийг олон дахин харвал дуршил буурдаг” гэж дүгнэлээ. Тэд туршилтандаа 1000 хүнийг хамруулжээ. Сайн дураар оролцсон эдгээр хүмүүст өнгийн цаастай чихрийн зураг үзүүлэв. Эхний бүлэг энэ зургийг 3 удаа үзсэн бол 2-р бүлэг 30 удаа. Энэ зургийг маш олон харсан хүмүүс бусадтай харьцуулахад илүү цатгалан гэж өөрсдийгөө мэдэрч байв. Дараа нь оролцогчдоос “Та хэдэн чихэр идэхийг хүсч байна?” гэсэн асуулга авчээ. Уг зургийг 30 удаа үзсэн хүмүүс цөөхөн чихэр идмээр байна гэж хариулсан аж. Үүний дараа өмнөхөөс өөр өнгийн цаастай чихрийн зургийг оролцогчдод үзүүлж туршив. Гэтэл үр дүн адилхан гарчээ. “Хүн хоол идэх үед идэвхжиж эхэлдэг тархины хэсгүүд нь хоолны тухай бодоход ч мөн адил идэвхтэй болдог” хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. Тэдний судалгаа, туршилтын материалыг “Appetite” сэтгүүл нийтэлжээ.