Ватерлоогийн их сургуулийн эрдэмтэд цоо шинэ материалаар шархны боолт, гидро гелэн баг буюу маск зэргийг бүтээж 3D принтерээр хэвлэж туршлаа. Шинэ материалыг дулаан мэдрэмтгий полимер ба далайн замаг, целлюлозын нано кристалл дээр суурилан гаргаж авчээ. Хиймэл арьс гэмээр энэ материалыг түлэгдэл болон хорт хавдрыг эмчлэхэд ашиглах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Шинэ материал арьсанд амархан наалдаж бас авагддаг юм байна. Ноцтой, хүнд түлэгдсэн тохиолдолд шархны боолтыг байнга солих ёстой болдог, гэвч гэмтсэн арьсны эдүүдэд боолт наалдаж салгаж авахад маш их өвддөг. "Энэ асуудлыг шийдэхэд шархны шинэ боолт тусална. Үүний зэрэгцээ түүнд эм тариа шингээвэл аажмаар арьсанд нэвтэрч эмчилгээ болно” гэж эрдэмтэд ярилаа. Шархны ийм боолтыг хөргөх үед тэлэх ба харин биеийн температурт маш бага хэмжээтэй болж “агшиж” жижгэрдэг. “Хиймэл арьс”-ыг 3D принтерээр хэвлэх тул хувь хүний онцлогт бүрэн тохирсон байх аж. Шинэ хэлбэрийн боолтыг мөн хорт хавдрыг эмчлэхэд ашиглахаар төлөвлөжээ. Химийн эмчилгээний үеэр өвчтөн хэдэн цагаар эмнэлэгт заавал байх шаардлагатай, энэ нь их ядрааж биед шаналгаатай. Харин шинэ боолтын ачаар заавал эмнэлэгт ирж эмчийн хяналтанд эмчлүүлэх шаардлагагүй. Шархны боолтонд эм тариаг шингээж ашиглах ба биед шууд нэвтэрч эмчилгээг хөнгөвчилнө. Түүнчлэн гидро гелэн маскийг гоо сайхны салбарт ашиглах боломжтой. Энэ технологийн тусламжтай үйлчлүүлэгчийн нүүр царайг сканирдаж зөвхөн тухайн хүнд зориулан арьс арчлалтын тусгай нэмэгдэл бүхий гидро гелэн маск үйлдвэрлэх юм бйна.
Эрдэмтдийн энэ бүтээлийн тухай материал “Colloids and Interface Science” сэтгүүлд нийтлэгджээ.