"Орос улсын эрдэмтэд хорт хавдрыг хэт авиагаар (ультразвук) устгах шинэ төхөөрөмжийн клиник туршилтыг эхлүүлэв. Энэхүү цогц төхөөрөмж нь хэт авианы оношилгооны боломжийг өндөр идэвхтэй ультра дууны эмчилгээний үйлчлэлтэй хослуулж... хавдрын цэгт төвлөрүүлдэг" хэмээн “РИА Новости” агентлаг мэдээллээ. “Клиник туршилтын зорилго бол эмч нарт зориулсан тодорхой аргачлалыг боловсруулах. 2023 оны сүүлээр аргачлалыг боловсруулж дуусна, дараа нь буюу 2024 оны эхээр манай төхөөрөмж зах зээлд гарна... Энэ бол эмчилгээ, оношилгооны шинэ салбар бөгөөд бид "тераностика" (терапия и диагностика) гэж нэрлэсэн. Хавдрыг хэт авиагаар 10-15 секунд шарахад эсүүд 70-90 градус хүртэл халж улмаар хавдрын эсүүдийг үхүүлнэ, харин бие махбодь өөрөө тэдгээрийг байгалийн жамаар зайлуулна. Өвтгөхгүй, мэс засал хийх шаардлагагүй” хэмээн эрдэмтэн, хэлтэсийн дарга Олег Ипатов ярилаа.
Ийм технологийг дэлхийн бусад оронд ашигладаг: Францад хөхний хавдрыг, АНУ-д түрүү булчирхайг, Хятадад бамбай булчирхайг эмчлэхэд ийм төхөөрөмж ашигладаг. Мөн энэ аргаар варикозыг эмчилдэг болжээ. Харин Оросын аппарат нь Францынхаас хурдаараа ялгаатай. Францын төхөөрөмжөөр эмчлэхэд 1 сеанс нь хэдэн минут үргэлжилдэг бол Оросын ердөө 10-15 секунд. Оросын төхөөрөмжид мөн хянах дэглэм болон хавдрын цэг дэх температурыг хянах систем суурилуулсан тул хэт халалтаас сэргийлдэг аж. Түүнчлэн Оросын төхөөрөмж буцах холбоотой, үйлчлэлийн хэмжигдэхүүнийг эмч хянах боломжтой юм байна.