ОХУ-ын Москвагийн их сургуулийн Физик, химийн институт, мөн АНУ-ын Харвардын анагаахын сургуулийн эрдэмтэд хамтарч хөгшрөлтийг зогсоохын зэрэгцээ залуужуулдаг эм бүтээсэн тухай “Daily Mail” мэдээллээ. Харин “Aging” сэтгүүл “Эрдэмтдийн олж нээсэн 6 төрлийн химийн коктейль нь “залуужуулах эм”-ийн суурь болж магадгүй” хэмээжээ.
Энэ хамтарсан баг нь Нобелийн шагналт, Японы эрдэмтэн Синье Яманакийн нээлт дээр суурилан судалгаа туршилтаа явуулжээ. Өмнө явуулсан олон туршилтуудын үеэр мэрэгч амьтад болон сармагчны хараа сайжрах, нас уртасч байв, үүний зэрэгцээ сөрөг уршиг дагавар ажиглагдаагүй аж.
“Хүний бие организмын эсүүдийг дахин программчлах химийн анхны аргыг эрдэмтэд олж хөгшрөлтийг зогсоох “химийн 6 коктейль”-ийг одоогоор нээсэн. Энэ бол хувьсгал. Өвөрмөц коктейлийн ачаар хөгширсөн эсүүд ердөө 7 хоногийн дотор залуужна. Тодруулбал, залуужуулах эмийн бүтцэд 6 төрлийн химийн нэгдэл багтдаг.... Энэ нь бие махбодийг залуужуулахаар барахгүй үр дүнгээ хэдэн жил хадгална. Өмнө нь бие организмын эсүүдийг залуужуулахдаа зөвхөн гений хүчтэй эмчилгээ хийдэг байсан юм” хэмээн ХМХ бичжээ.
Профессор Дэвид Синклер “Саяхныг хүртэл бид хөгшрөлтийг удаашруулж л чаддаг байв. Шинэ нээлтийн ачаар бид хөгшрөлтийг “буцааж” чадсан.... Шинэ бүтээлээ зөвхөн мэрэгч амьтад дээр туршсан, ирэх жилээс хүмүүсийг оролцуулж туршилт явуулна. Одоохондоо хүний эсүүд дээр туршихад сайн үр дүн өгсөн. Энэ нээлт маань түүнчлэн наслалтын олон өвчнөөс ангижрахад тусална, яг одоо энэ чиглэлд туршиж хийж байгаа. Ирээдүйд ганц эм уугаад л насны эрхээр тусдаг өвчин, хөгшрөлтөөс ангижрах боломжтой” хэмээжээ.