Эрдэмтэд дэлхийн 204 оронд хорт хавдрын судалгаа явуулж 14-49 насны хүмүүсийг хамруулжээ. Энэ үеэр тэд 49 төрлийн хорт хавдрыг судалж үр дүнг “BMJ Oncology” сэтгүүлд нийтлүүллээ. “1990 оноос хойш залуу ба дунд насныхан хорт хавдраар өвчлөх нь огцом нэмэгджээ. 1990 онд дэлхийн 50 хүртэлх насны 1,82 сая том хүн хорт хавдраар өвчилсөн бол 2019 онд энэ тоо 3,26 сая хүрсэн. Өөрөөр хэлбэл, сүүлийн 30 жилд нас биед хүрсэн 50 хүртэлх насны хүмүүс хорт хавдраар өвчлөх нь 79%-иар нэмэгджээ. Түүнчлэн 2019 онд энэ насны 1,06 сая хүн хорт хавдраар нас барсан, энэ бол 1990 онтой харьцуулахад нас баралт 27%-иар нэмэгдсэн гэсэн үг. Хорт хавдар ингэж “залуужсан” шалтгааны талаар дүгнэлт хийхэд эрт байна. Манай судалгаа үргэлжилж байгаа. Гэхдээ энэ өвчлөлд удамшлын хүчин зүйлийн зэрэгцээ буруу хооллолт, архи ба тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, цусан дахь саахарын өндөр түвшин, таргалалт нөлөөлдөг нь батлагдсан. Тиймээс улаан мах, давсыг хэтрүүлэхээ боль. Мөн жимс ногоо ба сүү цагаан идээг ахиу хэрэглэх ёстой.... ” хэмээн олон улсын шинжээч судлаачид мэдэгдэв.
Хорт хавдрын төрлөөр ангилбал 1-р байранд хөхний хорт хавдар оржээ. 100 мянган хүн тутамд хөхний хорт хавдрын өвчлөл 13.7, харин нас баралт 3.5 тохиолдол. Хоёрт улаан хоолой ба түрүү булчирхайн хорт хавдар бичигдсэн ба түүнчлэн уушиг, ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдар нилээд түгээмэл аж. Сонирхуулахад, элэгний хорт хавдраар өвчлөх нь жилд 2,8%-иар буурч байгаа. Харин бөөрний, өндгөвчний хорт хавдраар нас барах нь сүүлийн 30 жилд нэмэгдсэн. Хорт хавдрын өвчлөл голдуу хүн амын бага дунд орлоготой айл өрхөд түгээмэл бөгөөд ихэнхдээ эмэгтэйчүүд өвчилдөг.
“2030 он гэхэд 50 хүртэлх насны хүмүүс хорт хавдраар өвчлөх нь 31%-иар нэмэгдэж, энэ шалтгаанаар нас барах нь 21%-иар ихэснэ гэж бид таамаглаж байна. Ялангуяа 40-49 насны хүмүүс хамгийн эрсдэлтэй бүлэгт багтдаг” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ.