Өсвөр насны хүүхдүүд спортоор хичээллэх, ядаж л идэвхтэй хөдөлгөөнтэй байх ямар их ашиг тустай болохыг Финлянд улсын Ювяскюлийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан шинэ судалгаа баталлаа. Энэ судалгааны үр дүнг “Science Direct” сэтгүүл нийтэлжээ.
“Биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй өсвөр настнуудын бага тархины саарал бодисуудын хэмжээ нь идэвхгүй, хөдөлгөөн багатай үе тэнгийн хүүхдүүдийнхээс их байсан. Мэдрэлийн төв системийн энэ бүрэлдэхүүн хэсэг нь ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, юм сурах чадвартай холбоотой” гэж эрдэмтэд ярилаа.
Судалгаанд өсвөр насны 40 хүүхэд оролцсон, дундаж нас 17,9 байв. Оролцогчдын бие бялдрын хөгжлийн түвшнийг (булчингийн хүч, хурд, орон зайн мэдрэмж, тэсвэр хатуужил...) янз бүрийн тестийн (гүйлт, өндрийн харайлт зэрэг) тусламжтай тодорхойлжээ. Харин бага тархины саарал бодисын хэмжээг үнэлэхдээ соронзон резонансын томографи ашигласан аж. Гэтэл хамгийн хөдөлгөөнтэй, идэвхтэй хүүхдүүдийн бага тархин дахь саарал бодисын эзлэхүүн их байв. “Саарал бодис бол уураг тархины гадаргууд орших мэдрэлийн эсүүд. Саарал бодис нь тархины хамгийн гол бүтцийн элемент бөгөөд мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргахыг “хариуцдаг”. Саарал бодисын хэмжээ их байх тусам ой тогтоолт, анхаарал, сэтгэлгээ, хэл яриа зэрэг танин мэдэхүйн функц сайжирна. Бага болон өсвөр насанд хэрэв байнга спортоор хичээллэх, дасгал сургуулилт тогтмол хийх нь юм сурах чадварт эерэгээр нөлөөлдөг. Мэдээж, энэ уялдаа холбоог сайн тодруулахын тулд нэмэлт судалгаа шаардлагатай” гэж “Science Direct” сэтгүүлийн нийтлэлд дурджээ.