Хятад, Оросын эрдэмтэд Төвдийн уулс дунд орших зарим нуурын усанд байгалийн антибиотик байгааг илрүүлжээ. Тэд давст 4 нуурын ус, мөн хөрсний дээж авч судалсан юм байна. Бээжингийн лабораторид хийсэн шинжилгээнээс үзэхэд Төвдийн нууран дахь зарим бактери нь антибиотик “үйлдвэрлэж” байгаа нь тогтоогдов. Эдгээр штаммд генетикийн анализ хийхийн зэрэгцээ хүний зарим патогенийг устгаж чадах эсэхийг шалгажээ. Судалгааны дараагийн үе шатанд антибиотик бүхий лабораторийн тусгай шингэнийг Орос улсын Сколков дахь Шинжлэх ухаан, технологийн институтэд аваачиж “репортер систем”-н тусламжтай судаллаа. Мөн антибиотикт тэсвэртэй бактериуд үүсэхэд санамсаргүй тохиолдол ямар үүрэг гүйцэтгэснийг тодруулахыг оролджээ. Үүний дараа судлаачид хроматографи ба масс-спектрометрийг ашиглан ямар химийн нэгдлүүд уг экстрактын бүтцэд байгааг тодруулжээ. "Төвдийн давст нуурын усаас хадамицин, кидамицин илэрсэн бол тэндхийн хөрс шороонд рифамицин агуулагдаж байна. Эдгээр бүлгийн нэгдлүүдийг антибиотик гэж бид мэднэ. Гэтэл ийм антибиотик алслагдсан нутагт өндөр уулсын бүсэд байгаа нь үнэхээр гэнэтийн үйл явдал. Иймэрхүү нутагт үл мэдэгдэх, байгалийн гаралтай антибиотикууд байж болзошгүй. Бид дараагийн удаа тэдгээрийг илрүүлнэ гэж найдаж байна” хэмээн Оросын эрдэмтэн Лукьянов ярилаа. Орос, Хятадын эрдэмтдийн судалгааны үр дүнг “Frontiers in Microbiology”, “Microorganisms” сэтгүүл нийтэлжээ.