АНУ-ын Массачусетын их сургуулийн эрдэмтэд хоолны завсар хооронд юу идвэл хамгийн ашигтай талаар туршилт явуулжээ. Тэд хүнсний бүтээгдэхүүнүүдээс 1497 ширхэг дээж авч, тэжээлийн бодисуудын агууламжийг судлав. Энэ үеэр “Nutrient Rich Foods” (NRF) индекс ашиглан хүнсний бүтээгдэхүүн дэх тэжээлийн цогц бодисуудын тэжээлийн чанарыг тооцоолон гаргалаа. Тухайн загварт уураг, хүнсний волокна, кали, D витамин, кальци, төмөр зэрэг тэжээлийн бодисуудын агууламж болон ханасан өөх тос, холестерин, нэмэгдэл саахар, натрийн хэрэглээний хязгаарлалтыг харгалзан үзжээ. Туршилтаас үзэхэд хатаасан жимс, нухаш, лаазалсан жимс зэргийн чихэрлэг хамгийн бага төдийгүй өөх тос ч бага ажээ. Түүнээс гадна эдгээр хүнс их хэмжээний эслэгүүдийг агуулдаг учир гэдэсний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж байлаа. “Хоолны завсар хооронд юм идмээр санагдвал хатаасан жимс, жимсний нухаш, лаазалсан жимс зэргийг сонгож хэрэглэвэл зохино. Яагаад гэвэл, эдгээр хүнс бол эслэгүүд, тэжээлийн бодисуудаар баялаг бөгөөд бага хэмжээний саахар агуулдаг” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны үр дүнг “Nutrients” сэтгүүл нийтэлжээ.