Давсыг цагаан үхэл гэж ярьдаг нь ортой. ДЭМБ-ын зөвлөснөөр хоногт 5 граммаас бага давс хэрэглэх ёстой, гэтэл орчин үед хүмүүс 9-12 грамм давс хэрэглэж байна. Гэхдээ энэ давсны ихэнх буюу 75% нь нууцлаг хэлбэрээр хүнсний бүтээгдэхүүнүүдэд агуулагдаж байдгийг хүмүүс мэддэггүй, эсвэл анзаардаггүй аж. Иймээс давсны хэрэглээгээ бууруулахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Хамгийн их давс агуулсан хүнсээс тоочвол: Утсан мах болон хиам, зайдас, лаазалсан загас, чипс, сухарик, давсалсан самар, попкорн, крекер, лаазалсан ногоо, лаазалсан шөл, кубик шөл, кетчуп, шар буурцгийн сүмс, майонез, хагас бэлэн бүтээгдэхүүн, бяслаг.
Давсны хэрэглээг багасгах арга:
- Болсон хоолыг бүү давсал.
- Дэлгүүрээс хүнс худалдаж авахдаа бүтцийг нь уншиж судлаарай. Давсгүй, давс нэмээгүй, натри бага агуулсан гэсэн тэмдэглэлтэй хүнсийг худадаж авах хэрэгтэй.
- Гадуур биш гэртээ өөрөө хоол хийж идэхийг хичээ. Энэ тохиолдолд та давсны хэмжээг хянаж чадна.
- Хоол амтлахдаа натурал амтлагчийг ашигла, жишээ нь нимбэгийн шүүс, имбирь, халуун ногоо, хатаасан сонгино сармис. Та аажмаар бага давс хэрэглэж сурна.