Интоор, чий жимсийг (cherry) супер хүнс гэж зарим мэргэжилтэн үздэг. Бага илчлэгтэй, эслэг их агуулдаг эдгээр жимсэнд өөр олон ашигтай бодис бий. Тухайлбал, А болон С, К витамин, кали, магни, антиоксидант, бета-каротин, холин, төмөр, кальци... Иймээс интоор, чий жимс бол дархлааны системийг бэхжүүлж ус-давсны балансыг зохицуулан зүрхний хэмнэлийг дэмждэг. Эдгээр жимс мөн биеийн эсэргүүцэл болон тэсвэр хатуужлыг нэмэгдүүлж их ачааллын дараа хурдан нөхөн сэргэхэд тусалдаг аж. Интоор, чий жимсний бүтцэн дэх антоционууд (антиоксидант) бол бие махбодийн эсүүдийг чөлөөт радикалуудын сөрөг үйлчилгээнээс хамгаалж үрэвслийг багасгадаг. Антиоксидантууд түүнчлэн эрт хөгшрөх, архаг өвчин тусах эрсдэлд оруулдаг исэлдэх стрессийг бууруулдаг билээ.
Чий жимсэнд их хэмжээний полифенолууд бий, эдгээр нь эсүүдийг гэмтэхээс сэргийлж үрэвслийг бууруулдаг. Полифенолуудыг ихээр агуулсан хүнс хэрэглэвэл зүрхний өвчин, уураг тархины гэмтэл, тэр бүү хэл зарим төрлийн хорт хавдрын үед тус болно. Энэ жимсэнд агуулагддаг мелатонин нь нойр-сэрүүн байх мөчлөгийг зохицуулж чанартай, сайн, удаан хугацаанаар нойрсоход нөлөөлдөг. Чий жимс мөн кали агуулдаг, үүний дүнд артерийн даралт болон холестерины түвшин буурч зүрх судасны систем сайжирна, түүнчлэн инфаркт, инсульт тусах эрсдэл багасна.