Америкийн “Regenoron” биотехнологийн компаний эм зүйчид коронавирүсийн хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүсийг эмчлэх шинэ эм бүтээжээ. Шинэ эм нь лабораторид гаргаж авсан 2 төрлийн эсрэг биетээр хийсэн коктейль бөгөөд судсаар тарьж вирүсийг саармагжуулдаг аж. Ковидын хүнд хэлбэрээр өвдсөн 3 хүн тутмын нэгт энэ эм тус болсон гэж эрдэмтэд мэдэгдлээ, гэхдээ үүнийг зөвхөн бие организм нь эсрэг биет ялгаруулаагүй өвчтөнийг эмчлэхэд ашиглах аж. Шинэ эмийн үнэ 1400- 2800 доллар гэнэ. Английн эрдэмтэд энэ шинэ эмийг 1000 өвчтөн дээр туршжээ. Шинэ эмийн ачаар өвчтөнүүдийн нас барах эрсдэл буурч эмнэлэгт хэвтэх хугацаа богиносч, хиймэл амьсгалын аппарат залгах шаардлагагүй болжээ. Туршилтыг удирдсан эрдэмтдийн нэг, Оксфордын их сургуулийн анагаах ухаан- тахлын профессор, сэр Мартин Лэндри “Шинэ эм нь хүнд өвчтөнүүдийн үхэх эрсдэлийг тавны нэгээр бууруулсан” гэж мэдэгдлээ. Шинэ эмийг дексаметазон, үрэвслийн эсрэг стероид эмтэй цуг хэрэглэжээ. Дашрамд дурдахад,,дексаметазон нь үхэх эрсдэлийг гуравны нэгээр бууруулдаг болохыг бүр 1 жилийн өмнө эмч нар олж тогтоосон билээ. Оксфордын профессор, туршилтын өөр нэг удирдагч, сэр Питер Хорнби ярихдаа “Өнөөг хүртэл эсрэг биетээр ковидыг эмчлэх үр дүнтэй эсэхэд эмч нар, эрдэмтэд эргэлзэж ирсэн билээ, бусад судалгаа эерэг үр дүн өгөөгүй” хэмээжээ. Өмнө нь коронавирүсээр өвчилсөн хүний эсрэг биет бүхий плазмыг халдвартай өвчтөнд хийж туршихад бүтэлгүйтсэн юм. Харин “Recovery trial” хөтөлбөрийн хүрээнд явагдсан энэхүү туршилтад ашигласан эсрэг биетүүдийг лабораторийн нөхцөлд зохиомлоор их хэмжээгээр бий болгосон ажээ, ийм эсрэг биетүүд нь коронавирүсүүдийг “хооронд нь холбож” улмаар эсүүдийг гэмтээх боломж олгодоггүй юм байна.