өдөр
шөнө
×

Компьютерийн тоглоом сэтгэцийн зарим өвчнийг эмчилдэг болохыг эрдэмтэд нотлов

Ирландын эрдэмтдийн баталж буйгаар компьютерийн тоглоомын ачаар сэтгэцийн олон өвчнийг эмчилж шинж тэмдгийг бууруулж болох аж. “Түгших, хямрах, санаа зовомтгой болох, гутрах үед компьютерийн тоглоом тоглох нь эмчилгээний бусад аргаас илүү тустай байж эерэг үр дүн үзүүлсэн” хэмээн Ирландын шинжлэх ухааны сангийн Программ хангамжийн судалгааны төвийн эрдэмтэд дүгнэжээ. Тэдний судалгааны материалыг “JMIR Serious Games” сэтгүүл нийтэлжээ. Ялангуяа Цар тахлын үед гуниг гутрал, хэт сандрал, сэтгэл түгшилт илүү их ажиглагдах болсон. Энэ үзүүлэлт Америкт 2018–2019 онтой харьцуулахад 3 дахин өсчээ. Клиник судалгааны үеэр компьютерийн тоглоом тоглосон хүмүүсийн янз бүрийн ментал өвчний явц намдаж байв. Үүнд: гуниг гутрал, хямрах, шизофрени тэр бүү хэл хорт хавдар. Үр дүнд хүрье гэвэл өдөрт 30 минутыг тоглоомонд зарцуулах хэрэгтэй гэж судлаачид ярилаа. 
Сонирхолтой нь, компьютерийн тоглоомын төрөл жанр хүмүүст өөр өөрөөр нөлөөлдөг. Shooter (буудлага), дүрд тоглох зэрэг тоглоом ганцаардлын мэдрэмжийг бууруулж нийгэмших явцыг сайжруулдаг, онлайн тоглоомууд бас ийм нөлөөтэй. Харин стратегийн болон фитнес тоглоомын ачаар танин мэдэхүйн чадвар дээшилж, харааны болон орон зайн баримжаа сайжрахын зэрэгцээ дислекси өвчний шинж тэмдэг буурчээ. Эрдэмтдийн дүгнэснээр ямар ч жанрын тоглоомын тусламжтай хүмүүс өөрийн сэтгэлийн хэт догдлол, түгшүүр, шаналанг даван туулж чадаж байлаа. Өөрөөр хэлбэл, өвчтөнүүдийн зан ааш засарч сэтгэл санааны байдал дээрдэн, таашаалын мэдрэмж авч байсан. Тоглоомын ертөнцөд саад бэрхшээлийг даван туулж амжилтад хүрэх нь бодит амьдрал дээр өвчтөнүүдэд эерэгээр нөлөөлдөг аж. Энэ нь тоглогчийн түвшнээс огт хамаардаггүй, яагаад гэвэл тоглоомын олон хэлбэр, өнгө будаг нь сэтгэл санааг өргөж байжээ. Түүнчлэн компьютерийн тоглоом бол бүгдэд хүртээмжтэй, эргэн тойрны хүмүүст сөрөг хандлага төрүүлдэггүй зэрэг шалтгааны улмаас эмнэлгийн тусламжаас зарим талаар давуу талтай. Учир нь сэтгэцийн эмч дээр очихыг зарим хүн таагүй хүлээж авах нь бий. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top