“Альцгеймерийн өвчин үүсэх үндсэн шалтгааны нэг бол архаг стресс” гэсэн дүгнэлтийг Австралийн Кертиний их сургуулийн анагаахын инновацийн хүрээлэнгийн эрдэмтэд хийжээ. Стресс нь нейроэндокриний системд нөлөөлдөг, харин энэ систем маань хоол боловсруулалт, дархлаа, сэтгэл санаа, энергийг зохицуулдаг билээ. Нейроэндокриний систем уг нь стрессийн даавар буюу кортизолын ялгарлыг тохируулах үүрэгтэй. Гэвч сөрөг хүчин зүйлс удаан хугацаагаар нөлөөлөөд байвал саатал үүсэх эрсдэлтэй, улмаар кортизолын түвшин өндөр болно. Тэр бүү хэл цаашид оюуны чадвар муудах, орон зай ба цаг хугацааны баримжаа алдах, хүн ба юмсыг таньж ялгахаа болих зэргээр Альцгеймерийн өвчний шинж тэмдэг илэрч болзошгүй. “Энэ дүгнэлтийг ашиглан стрессийг эмээр эмчлэх тухайд шинэ зөвлөгөө боловсруулахаар бид ажиллах болно. Эм зүйн тусламжтайгаар Альцгеймерийн өвчин даамжрах эрсдэлийг багасгах боломжтой” гэж эрдэмтэд мэдэгдлээ.
Нэмж өгүүлэхэд, Альцгеймерын өвчин бол өтлөлтийн тэнэгрэлийн (зөнөглөх) нэг хувилбар. Анх 1906 онд энэ өвчнийг Германы сэтгэцийн эмч Альцгеймер тодорхойлжээ.