Цар тахлын үед хоол хүнсэндээ онцгой анхаарал тавих хэрэгтэй. Хоол тэжээл таны биеийн дархлааг дэмжиж туслах ёстой гэдгийг бүү март. Ковид туссан бол шарсан, утсан хүнсээс татгалзаж хоолоо чанаж, эсвэл ууранд буюу шарах шүүгээнд болгож хэрэглээрэй. Юуны өмнө ус сайн уу, мөн эслэгээр баялаг буюу гэдсэнд ашигтай хүнсийг сонго. Жишээ нь хүнсний ногоо, жимс жимсгэнэ, бүхэл үр, шош. Түүнчлэн сүү, цагаан идээ, дарсан байцаа, давсалсан өргөст хэмх нэн ашигтай. Вирүс, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хүнсний тоонд гурвалжин будаа, хар ба ногоон цай, нимбэг, жүрж, мандарин, алим, усан үзэм, сонгины хальс, улаан ба ногоон замаг багтдаг.
Дархлааны эсүүдийн ажиллагааг зохицуулахад цайр тусалдаг. Цайраар баялаг хүнс гэвэл улаан буудайн хивэг, хуш модны самар, наранцэцгийн самар, арахис, овъёос, бяслаг, үхрийн мах, шош. Түүнчлэн амьсгалын замын өвчний үед сармис, сонгино болон цагаан гаа (имбирь), куркум зэрэг халуун ногоо хэрэглэх сайн. Дархлаанд мөн “омега-3” эерэгээр нөлөөлдөг гэж эрдэмтэд үздэг. 7 хоногт 2-3 удаа далайн тослог загас ид, эсвэл загасны тосоор орлуулж болно. Мөн маалингын тос их чухал.
D витамин бол амьсгалын замын өвчнөөс сэргийлэхэд нэн тустай. Гадаа агаар салхинд зугаалахаас гадна D витаминтай хүнс хэрэглэ. Үүнд: өндөг, малын гэдэс дотор, сүү цагаан идээ, ойн мөөг, далайн загас. Орчин үед хүүхэд ч андахаа байсан эсрэг биет бол уургийн нэг төрөл бөгөөд дархлааны системийн цөм, иймээс уураг дутагдвал бие махбодийн хамгаалалтын хүч буурна. Амьтны гаралтай уураг (мах, тахиа, загас, өндөг, цагаан идээ) ба ургамлын гаралтай уургийн (шош, самар, үр, шар буурцгийн шош ба түүгээр хийсэн бүтээгдэхүүн) аль алиныг хэрэглэ.
Харин давс, элсэн чихэр, утсан бүтээгдэхүүний хэмжээг эрс бууруул, болж өгвөл бүү хэрэглэ. Түүнчлэн хурдан шингэдэг нүүрс-ус буюу бялуу, гурилан бүтээгдэхүүн, төмс зэргийн хэрэглээг хязгаарлах нь зүйтэй.