
Та бидний хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг томат буюу улаан лооль, түүний шүүс эмчилгээний шинж чанартай хэмээн Мексикийн эрдэмтэд мэдэгдлээ. Улаан лоолийг тогтмол хэрэглэх нь тромбозоос сэргийлэх, цусан дахь холестериний түвшнийг бууруулах зэрэг ач холбогдолтой гэж эрдэмтэд нотолж байна. Тэд мэрэгч амьтад дээр олон туршилт явуулжээ. Томат, түүний шүүсийн ачаар цусан дахь “муу холестерин”-ий түвшин буурч “сайн холестериний” агууламж нэмэгдэж байгааг судлаачид олж тогтоосон байна. “Улаан өнгөтэй энэ хүнсний ногоо ялангуяа илүүдэл жинтэй эмэгтэйчүүдэд илүү их нөлөөлж холестериний түвшнийг хэвийн болгодог. Үр дүнд хүрэхийн тулд 7 хоногт дор хаяж 14 порц улаан лооль хэрэглэх ёстой. 1 сарын турш ингэж хооллоход үр дүн гардаг. Түүнээс гадна хоол хүнсэндээ улаан лооль хэрэглэснээр зүрх судасны системийн ажиллагаанд таатай нөлөөлж тромбоз үүсэхээс сэргийлнэ” гэж Мексикийн эрдэмтэд баталж байна.