
АНУ-ын Стэнфордын их сургууль, Хойд Каролины их сургуулийн эрдэмтэд хамтарч вакцины онцгой наалтуур бүтээжээ. “3D принтер дээр хэвлэсэн энэ наалтуур бол тариа хийж вакцинжуулахаас илүү үр дүнтэй хамгаална” гэж Хойд Каролины их сургуулийн сайт мэдээллээ. Вакцины наалтуур нь энгийн наалтаас ялгаатай бөгөөд полимер дэвсгэр дээр 3D принтерээр хэвлэсэн зүүтэй. Зүүний урт нь арьсанд хүрч шаардлагатай бодисыг тарихад хангалттай. Амьтад дээр хийсэн туршилтаас үзэхэд ийм наалтуурыг ашиглах үед дархлааны хариу урвал нь булчин руу зүүгээр тарьснаас 10 дахин хүчтэй байв. Эрдэмтдийн судалгааг “Proceedings of the National Academy of Sciences” нийтэлжээ. “Вакцины үйлдвэрлэлийг хурдан хөгжүүлэх суурийг тавьж вакциныг бага тунгаар, өвдүүлэхгүй, сэтгэл түгшээхгүй хэрэглэх боломж бүрдэнэ гэж эрдэмтэд найдаж байна” хэмээн судалгааны удирдагч Жозеф М. ДеСимоун мэдэгджээ.
Вакцины наалтуурыг хэрэглэхэд амархан, өвтгөхгүй, үр дүнтэй, иймээс хүн бие даан өөрөө хэрэглэж чадах аж. Тэгээд ч вакцины наалтуурыг 3D принтерээр хэвлэх тул зүүгээ тодорхой хувилбараар сонгох боломжтой, тухайлбал ханиад томууны эсвэл гепатит, улаан бурхан, коронавирүс зэрэг өвчнийх байж болно.