“Анис, алирс (брусникa), цангис (клюква) жимс бол биеийн дархлааг бэхжүүлэхэд тустай, иймээс нөөцөлж аван намар, өвлийн улиралд хэрэглэвэл зохино. Түүнчлэн эдгээр жимс нь дархлаанаас гадна зүрх судасны систем, нүдний хараанд нэн ашигтай” хэмээн ОХУ-ын хоол зүйч, нутрициологч Ирина Лизун зөвлөжээ. Эдгээр жимсэнд олон төрлийн витамин, органик хүчил, антиоксидант, биофлавоноид, бичил элементүүд агуулагдахын зэрэгцээ саахар багатай аж. Цангисанд бүр нимбэг, жүржид байдгаас ч их С витамин бий. Алирс, анис, цангис жимсийг зөв хадгалбал ашигтай чанараа бүрэн хадгалдаг учраас одоо нөөцөлж аван өвөл хэрэглэхэд тохиромжтой. Үүний зэрэгцээ эдгээр жимсээр ундаа бэлдэж жимсний чанамал хийж болно. Шувууны мах жигнэхдээ анис, алирс, цангис жимсийг хэрэглэхэд уурагтай сайн хосолж ходоодны ажиллагаанд таатай нөлөөлдөг ба С витамины ачаар төмөр сайн шингэдэг юм байна.