
Жирэмсэн байхдаа ковидоор өвчилсөн тохиолдолд тээж буй үр хөврөлийн тархинд сөрөг нөлөөгүй гэж Германы эрдэмтэд мэдэгдлээ. Тэд ковидын хөнгөн ба хүнд хэлбэрээр өвчилсөн 33 жирэмсэн эхийг судалсан аж. Судалгааны үеэр эхийн гэдсэнд буй үр хөврөлийн мэдрэлийн системийн хөгжлийг хянаж, соронзон-резонанст томографийн тусламжтай (МРТ) тархины зургийг авч байв. Дараа нь 3 мэргэжилтэн тус тусдаа бие даан өөр өөрийн дүгнэлтийг гаргажээ. Аль ч тохиолдолд коронавирүсийн халдвар хүүхдийн тархинд нэвтэрч мэдрэлийн эдүүдийг гэмтээсэн баримт нотолгоо алга гэж дүгнэсэн байна. “Ковид үр хүүхдийн хөгжилд нөлөөлөх вий гэж жирэмсэн эхчүүд айдаг. Зарим халдварт өвчний үед ийм үзэгдэл гарах нь бий. Жирэмсэн эхийн биед нэвтэрсэн коронавирүс түүний хүүхдийн тархины хөгжилд сөрөг нөлөөлсөн гэсэн нотолгоо одоогоор бидэнд алга. Тиймээс “SARS-CoV-2” буюу коронавирүс нь жирэмсэн эхчүүдэд халдварласан ч тээж буй хүүхдийн тархинд аюул учруулдаггүй” гэж тус судалгааг санаачлагчдын нэг, Мюнхений их сургуулийн клиникийн ахлах эмч София Стекляйн ярилаа. “Зика вирүс болон бусад эмгэг вирүсээс ялгаатай нь “SARS-CoV-2” нь үр хөврөлийн мэдрэлийн системд ноцтой аюул учруулдаггүй” гэж эрдэмтэд тайлбалажээ. Тэд судалгааны дүнгээ Хойд Америкийн радиологийн нийгэмлэгийн (RSNA) хуралдаан дээр танилцууллаа.