
Вакцин тариулсан ба тариулаагүй хүмүүсийн дунд коронавирүсээр нас барах магадлал хэр их ялгаатай байгаа талаар Англи улсын мэргэжилтнүүд судалжээ. “2021 оны 7 сараас 12 сар хүртэлх хугацаанд Англид ковидоор нас барсан 70 мянган тохиолдлыг манай мэргэжилтнүүд судалж дүгнэлт хийсэн” гэж тус орны Үндэсний Статистикийн газар мэдээллээ. Судалгаанд бүх насныхан хамрагдсан юм байна. “Вакцинжуулалтын бүрэн тун хийлгэж бас нэмэлт бүүстэр тун тариулсан тохиолдолд нас баралтын түвшин нь вакцин огт хийлгээгүй хүмүүсийнхээс маш доогуур. Тухайлбал, 2021 оны 7-12 сард ковидоор өнгөрсөн хүмүүсийг судлахад вакцинтай хүмүүсийн нас барах эрсдэл 93,4%-иар бага байв. Иймээс вакцинжуулалт бол коронавирүсийн халдвар болон ковидоор нас барахаас сэргийлэх хамгийн найдвартай арга” гэж судлаачид дүгнэжээ.