өдөр
шөнө
×

Ковид тархийг 20 жилээр хөгшрүүлдэг

Кембрижийн их сургуулийн болон Лондоны хааны коллежийн эрдэмтэд “COVID 19”-ийн талаарх шинэ судалгаагаа олон нийтэд танилцуулжээ. Энэхүү судалгааны дүгнэлтийг “eClinicalMedicine” сэтгүүл нийтэллээ. Эрдэмтэд “Ковид өвчний дараа уураг тархинд олон өөрчлөлт гардаг, үүнийг тархи 20 жилээр хөгширсөнтэй зүйрлэж болно” хэмээжээ. Ковидоор хүнд өвчилсөн 28-83 насны 46 өвчтөнийг судалгаанд хамруулсан, тэдний зарим нь “ИВЛ” аппаратад орсон байв. Өвчин эдгэснээс хойш 6 сарын дараа өвчтөнүүдээс олон тест авчээ. Тухайлбал, ой тогтоолт ба анхаарал, сэтгэлгээ зэрэг бусад танин мэдэхүйн функцийг хэмжиж мөн түгшүүр, сэтгэл гутрал, өвчний дараах хямрал зэрэг хүчин зүйлийг харгалзан үзсэн аж. Дараа нь тэдний үзүүлэлтийг 66 мянган хүний дундаж үзүүлэлттэй харьцуулахад хариу үйлдэл илүү удаан, зөв хариулт арай цөөн байв. “Танин мэдэхүйн функц муудсаныг зүйрлэж дүгнэвэл 50 настай хүн 70-тай болсон мэт. Тэдний IQ нь 10 баллаар буурсан байв. Ялангуяа ИВЛ аппаратад орсон хүмүүс хамгийн муу үр дүн үзүүллээ. Бид зарим өвчтөнг эдгэрснээс хойш 10 сар хүртэл удаан ажигласан. Энэ үеэр заримд нь маш удаан сэргэх явц анзаарагдсан. Мэдэгдэхүйц том биш, гэхдээ зөв чиглэлд өөрчлөлт гарсан гэж хэлж болно. Гэсэн ч тэдний зарим нь хэзээ ч бүрэн эдгэрэхгүй. Зөвхөн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хүмүүсийг энэ судалгаанд хамруулсан. Гэхдээ ковидоор хөнгөн өвчилсөн хүмүүс хүртэл танин мэдэхүйн процесс асуудалтай тухай гомдоллодог. Иймээс тэдний хувьд ч уураг тархинд өөрчлөлт гарсан байж болзошгүй” гэж судлаачид дүгнэжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top