“Цусан дахь саахарын түвшин бууруулдаг хиам бүтээсэн. Туршилтын явцад үр дүн нь батлагдлаа. Энэ төсөл дээр манай их сургууль болон Эмийн болон үнэртэн ургамлын хүрээлэн хамтарч ажилласан. Шинэ бүтээлийн ачаар II төрлийн чихрийн шижин өвчнийг эмчлэх, түүнээс сэргийлэх боломжтой” хэмээн ОХУ-ын Тимирязевийн нэрэмжит Хөдөө аж ахуйн улсын их сургуулийн доцент, биологийн ухааны дэд эрдэмтэн Андрей Гурин мэдэгдсэнийг “РИА Новости” агентлаг дамжууллаа. Энэ хиаманд “Арфазетин” хэмээх эмийн ургамал, мөн шошны хальсны ханд нэмсэн учир эмчилгээний шинж чанартай юм байна. “Энэ хиамыг хэрэглэснээр иргэдийн эрүүл мэндэд тустай, хамгийн гол нь чихрийн шижин өвчнийг эмчлэх ба түүнээс сэргийлэх зорилгоор ашигладаг “Глюкобай”, “Сиофор” зэрэг гадаадын зарим эмийг орлуулах боломжтой” хэмээн эрдэмтэн А.Гурин ярилаа.
Орост II төрлийн чихрийн шижинтэй, мөн энэ өвчин тусах магадлалтай хүмүүсийн тоо 5,1 сая гэсэн статистик бүртгэл байдаг аж. Эмчилгээний хиамын үнэ жирийнхтэй адил байна, 500 грамм нь 300-400 рубль гэж эрдэмтэд мэдээлэв. Дунд ба ахлах насныханд зориулсан энэхүү чанамал хиамыг 2022 оны намраас үйлдвэрлэнэ. Эхлээд бага хэмжээгээр буюу өдөрт 200 кг үйлдвэрлэж аажмаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.