Нисэх онгоцны буудал дээр ковидтой өвчтөнийг үнэрээр нь олж илрүүлэхэд нохдыг сургасан тухай “BMJ Global Health” сэтгүүл бичжээ. Яг л тэсрэх бодис, хар тамхи илрүүлдэг шиг. “SARS-CoV-2”буюу коронавирүсийн халдвартай хүмүүсийг ноход маш өндөр нарийвчлалтай олж тодорхойлж байгааг эрдэмтэд онцлон тэмдэглэв. Нохдыг ингэж сургахын тулд эрдэмтэд өмнө нь хар тамхи, тэсрэх бодисыг үнэрлэж олдог туршлагатай 4 нохойг сонгон авч сургажээ. Нохдыг хэдэн долоо хоног сургасны дараа туршихад тэд бараг л ПЦР тест шиг магадлалтайгаар ковидтой хүмүүсийг илрүүлж чадаж байв. Туршилтад сайн дураар 420 хүн оролцлоо. Тэдний 114 нь коронавирүсийн эерэг тесттэй, харин 306 нь эрүүл. Эрдэмтэд эдгээр хүний арьсаас авсан дээж сорьцыг нохдод үнэрлүүлэхэд 92% зөв тодорхойлжээ. Түүнээс гадна ноход ямар ч шинж тэмдэггүй 28 хүнийг өвчтэй гэж ялгасан. Дараа нь шалгахад 28 хүний 25 нь үнэхээр коронавирүсийн шинж тэмдэггүй хэлбэрээр халдварласан нь тогтоогдов. Тиймээс шинж тэмдэггүй коронавирүсийн халдварыг ноход 89%-ийн нарийвчлалтай илрүүлж чадсан гэсэн үг. Судлаачид дараа нь эдгээр нохойг Финлянд дахь Хельсинки — Вантаа олон улсын нисэх онгоцны буудал дээр 2020 оны 9 сараас 2021 оны 4 сар хүртэл “ажиллуулжээ”. Зорчигч болгон мөн ПЦР тест өгсөн. Тест ба нохдын ажлын үр дүн гарахад 303 дээжээс 296 нь давхацжээ (98%).