өдөр
шөнө
×

Дусал цусаар бөөрний өвчнийг тодорхойлдог болжээ

Оросын Самара хотын С.П.Королевын нэрэмжит судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд дусал цусны тусламжтай бөөрний өвчнийг оношилж илрүүлэх шинэ арга, төхөөрөмж бүтээжээ. “Спектроскопийн орчин үеийн технологи ба нейросүлжээний математик загварыг бид ашигласан. Гэрэл нь цусны дээжтэй харилцан үйлчлэлцэхэд фотонуудын энерги өөрчлөгддөг. Энергийн эдгээр өөрчлөлтийг ажиглаж судлан дээжийн химийн бүтцийг тодорхойлж боломжтой. Нейро сүлжээнд суурилсан математикийн дэвшилтэт аппаратыг ашиглан оптик дохио ба цусны химийн бүтцийн хоорондын хамаарлыг олж болно. Энэ нь өвчин байгаа эсэхийг маш нарийвчлалтай тодорхойлж өвчний хүндрэлийг үнэлдэг. Шинэ аргын ачаар шинжилгээ илүү хүртээмжтэй болж өвчтөнд үзүүлэх тусламжийн чанар дээшилсэн. Манай аргыг стандарт оношилгооны хэрэгсэлтэй харьцуулахад цусны дээжийг нарийн төвөгтэй байдлаар урьдчилж бэлдэх шаардлагагүй, химийн нэмэлт реагент хэрэглэдэггүй. Мөн гадаадын ижил төрлийн шинжилгээнээс илүү нарийвчлалтай бөгөөд хэд дахин хямд” гэж Самарагийн их сургуулийн лазер ба биотехникийн системийн кафедрын доцент Иван Братченко мэдэгдлээ. Эрдэмтэд шинэ аргаа бөөрний архаг өвчтэй хүмүүс дээр шалгаж баталгаажуулжээ. Цаашид өргөн цар хүрээтэй клиник туршилт явуулж улмаар зүрх судасны согог, чихрийн шижин зэрэг өвчинг илрүүлэхэд ашиглахаар төлөвлөж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top