Гай гамшиг, осол сүйрлийн тухай мэдээ хүмүүсийн эрүүл мэндэд таагүй нөлөө үзүүлдэг болохыг Нидерланд улсын эрдэмтэд баталжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр ноцтой осол сүйрэл, гамшигтай холбоотой үйл явдлыг дэлгэрэнгүй мэдээлсний дараа дотрын эмчид хандах хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг Статистик, тоо бүртгэл нотолсон байна. Жишээ нь 2000 оны 5-р сарын 13-нд Нидерландын Энсхед хотод салют, галын буудлагын материал хадгалдаг агуулах дэлбэрч хотын тал нь сүйрч нуржээ. Эмгэнэлт явдлын үеэр 23 хүн амь үрэгдэж 900 гаруй хүн шархдаж бэртсэн юм. Сонин сэтгүүл, телевиз гээд олон нийтийн мэдээллийн бүх хэрэгслэлээр энэ дэлбэрэлттэй холбоотой бүхий л үйл явдлыг нэгд нэгэнгүй хэдэн өдрийн турш идэвхтэй мэдээлжээ.
Эрдэмтэд осолд өртөж шархадсан 44 хүний өвчний түүхийг нарийвчлан судалж, үүнийгээ тухайн хотын огт бэртэл гэмтэл аваагүй хүмүүсийнхтэй харьцуулав. Энэ 2 бүлгийн хүмүүс долоо хоногийн турш хэдэн удаа эмчид хандсаныг судлаачид анхааралдаа авсан аж. Хачирхалтай мэт боловч 2 бүлгийн аль аль нь эмчид хандах нь олширчээ. Өөрөөр хэлбэл, бэртэж гэмтсэн төдийгүй огт осолд өртөөгүй хүмүүс ч эмнэлгийн тусламж авах нь нэмэгдсэн гэсэн үг. “Гай зовлон, осол сүйрэл, гэмт хэргийн тухай сөрөг, муу мэдээ мэдээлэл хүн амын аль ч бүлэгт таагүй нөлөөлж эрүүл мэндийг дордуулах хандлагатай” гэж эрдэмтэд тайлбарлалаа.