Зэтгэнэ жимс бол пеларгонидиноор баялаг, түүнд био идэвхт бодис агуулагддаг учраас уураг тархины эмгэг өөрчлөлтөөс сэргийлдэг гэж АНУ-ын Рашийн их сургуулийн анагаахын төвийн мэргэжилтнүүд мэдэгдлээ. Пеларгонидин бол үрэвслийн эсрэг, антиоксидант үйлчилгээтэй бодис бөгөөд зэтгэнээс гадна бөөрөлзгөнө, цангис, нэрс, анар, чавга, бөлжиргөнө зэрэг жимсэнд бий.
Альцгеймерийн өвчин туссан 575 өвчтөнийг эрдэмтэд судалжээ. Тэд 1997 оноос эхэлж бараг 20 жилийн турш эдгээр өвчтөний хоол тэжээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахын зэрэгцээ танин мэдэхүйн стандарт тестээр тэднийг шалгаж байв. Зарим өвчтөн нас барсны дараа тэдний тархийг судлах боломжийг хүртэл судлаачдад олгожээ.
“Эцэст нь зэтгэнэ (буюу пеларгонидин) хамгийн их хэрэглэдэг хүмүүсийн тархинд эмгэг бага ажиглагдаж буйг бид тогтоолоо. Иймээс бөөрөлзгөнө, зэтгэнэ зэрэг жимс жимсгэнийг ахиу хэрэглэх, хоолны цэсэндээ заавал багтаах хэрэгтэй” гэж эрдэмтэд зөвлөж байна. Судалгаанд хамрагдсан 575 өвчтөний 120 нь гений түвшинд Альцгеймерийн өвчин тусах хандлагатай байсан нь тогтоогдсон. Харин дээрх үр дүн бол гений түвшинд ийм өвчинд өртөх магадлалгүй хүмүүст ажиглагдсан аж. Эрдэмтдийн судалгааны ажлын тухай нийтлэл “Journal of Alzheimer's Disease” сэтгүүлд хэвлэгджээ.