Коронавирүсийн Цар тахал анх эхэлж байхад задлан хийсэн эмч, эрдэмтэд “Коронавирүс бол мэдрэлийн төв системийн эсүүд рүү шууд нэвтрэх боломжтой” хэмээн нотолсон юм.
Америкийн эрдэмтэд өргөн хүрээтэй судалгаа явуулсны эцэст ковид ба Альцгеймерийн өвчний хооронд холбоо байгааг баталж чадлаа. Ковидоор өвчилсөн ахимаг настай 410748 хүний өвчний түүхийг АНУ-ын мэргэжилтнүүд судалжээ. Харьцуулахын тулд коронавирүсийн халдвар огт аваагүй мөн адил тооны хүмүүсийг ажиглалтад авсан байна. Судалгааг 2020 оны 2-р сараас 2021 оны 5 сарын 5 хүртэл явуулжээ. Гэтэл коронавирүсийн халдвар авснаас хойш 360 өдрийн дотор эхний бүлгийн ахмад настнуудын 0,68% нь Альцгеймерийн өвчин туссан байна. Харин 2-р бүлэг буюу ковидоор өвчлөөгүй хүмүүсийн 0,49% нь Альцгеймерийн өвчинтэй болжээ. “Эрсдэлийн харьцаа 1,69. Тиймээс ковидоор өвчилсөн, 65-аас дээш насны ахмад настнуудад Альцгеймерийн өвчин тусах магадлал илүү их байгааг судалгаа нотоллоо. Тодруулбал, коронавирүсээр өвчилсөн хүмүүс Альцгеймерийн өвчин тусах эрсдэл 1,5 дахин их” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. Гэхдээ энэхүү эрдэм шинжилгээний ажилд ковидын өвчлөлийн хүнд хөнгөн эсэх, вакцин тариулсан эсэх тухай дурдсангүй. Америкт 2020 оны 12-р сараас бүх нийтийн вакцинжуулалт эхэлсэн тул судалгааны ихэнх оролцогч дархлаажуулалтад хамрагдаагүй байх магадлалтай юм.