“Агаарын бохирдлын улмаас хүүхдүүдийн оюуны чадавхи буурч байна. Харин орон гэртээ авсаархан агаар цэвэршүүлэх төхөөрөмжтэй болбол бохирдсон агаарын сөрөг нөлөөнөөс хүүхдийн уураг тархийг хамгаалж улмаар оюуны чадавхи буурахаас сэргийлнэ” гэж Канад улсын Саймон Фрейзерийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний эрдэм шинжилгээний бүтээлийг “Environmental Health Perspectives” сэтгүүл нийтэлжээ.
Агаарын бохирдол хэрхэн жирэмслэлтэд нөлөөлөх талаарх энэхүү судалгаанд манай Монгол улсын Улаанбаатар хотын 540 жирэмсэн эмэгтэй хамрагдсан аж. Эдгээр эмэгтэй жирэмсний 18 хүртэл долоо хоногтой ба бүгд тамхи татдаггүй, орон гэртээ агаар шүүгч, агаар цэвэршүүлэх төхөөрөмж ашигладаггүй байв. Оролцогчдыг санамсаргүй байдлаар хяналтын болон туршилтын бүлэгт хуваарилжээ. 2-р бүлгийн эмэгтэйчүүдэд 1-2 агаар шүүгч (HEPA) тарааж өгөв. Тэд төрөх хүртлээ гэртээ тасралтгүй агаар шүүгчийг ажиллуулах ба хүүхэд төрсний дараа уг төхөөрөмжийг унтраах ёстой байв.
Эрдэмтэд дараа нь буюу эмэгтэйчүүдийн төрүүлсэн хүүхдүүд 4 нас хүрсэн хойно Векслерийн тест ашиглан тэдний оюуны чадварын коэффициентийг (FSIQ) хэмжиж үзжээ. Гэтэл агаар шүүгч ашигласан эхчүүдээс мэндэлсэн хүүхдүүдийн FSIQ-н дундаж үзүүлэлт нь хяналтын бүлгийн эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдүүдийнхээс 2,8 баллаар илүү байв. “Түүнчлэн туршилтын бүлгийн хүүхдүүдийн вербаль ойлголтын үзүүлэлт хавьгүй өндөр байгаа нь өмнөх хэдэн судалгааны үр дүнтэй уялдаж байв. Жирэмсэн үед агаарын бохирдлын сөрөг нөлөөг бууруулснаар хүүхдүүдийн оюуны чадавхи, танин мэдэхүйн хөгжлийг сайжруулдаг гэж бид дүгнэлээ” хэмээн эрдэмтэд ярилаа.