Давсархаг хоол ба стрессийн түвшний хооронд уялдаа холбоо байгааг Шотландын Эдинбургийн их сургуулийн биологч эрдэмтэд олж тогтоолоо. Энэ туршилтын үр дүнгийн талаарх материал “Cardiovascular Research” сэтгүүлд нийтлэгджээ.
Лабораторийн мэрэгч амьтдад давс ихтэй хоол өгөхийн зэрэгцээ дааврын өөрчлөлтийг нь хянаж эхлэв. Хөдөлгөөн багатай оготно хулганыг ийм маягаар хооллоход стрессийн дааврын хэмжээ нь 75%-иар нэмэгджээ. Хэт давсархаг хоол иддэг мэрэгч амьтдыг хэвийн хооллодог хулгануудтай харьцуулж бодит стресст өртүүлэхэд энэ дааврын хэмжээ бүр 2 дахин ихэсчээ. “Давс их хэрэглэснээр тархин дахь уургуудын (стрессийн хариу урвалыг хянах) ялгарлыг “хариуцдаг” генүүд идэвхжиж байна” гэж эрдэмтэд тайлбарлалаа.
Насанд хүрсэн хүн хоногт 6 граммаас бага давс хэрэглэх ёстой гэж эмч нар зөвлөдөг. Гэтэл ихэнх хүмүүс хоногт 9 грамм давс хэрэглэдэг юм байна. Гэтэл давс хэтэрснээр артерийн даралт ихсэх, мөн зүрхний дайрлага, инсульт болох эрсдэл нэмэгддэг билээ.