Хүүхэд байхад яс хугарсан ч амархан эдгэрдэг, гэвч үүнээс болоод хожим нас бие гүйцсэний дараа дахин яс хугарах эрсдэл 2 дахин их нэмэгддэг гэж Шинэ Зеланд улсын Отагогийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Эрдэмтэд 555 хүний өвчний түүхийг судалжээ. Судалгаанд хамрагдсан эр эм хүмүүс бүгд дунд эргэм насныхан байв. Тэд бүгд эмчид тогтмол ирж үзүүлж байсан, яагаад гэвэл зарим нь спортоор хичээллэдэг, нөгөө хэсэг нь хэт омголон догшин авиртай, эсвэл бие махбодийн хүчирхийлэлд өртөж байсан аж. “Хүүхэд насандаа нэг бус удаа яс хугарсан тохиолдолд тэд нас бие гүйцсэний дараа дахин ясны бэртэл гэмтэл авах нь 2 дахин их байна. Эмэгтэйчүүдийн хувьд санаа зовоосон дүн гарлаа, хэрэв багадаа нэг бус удаа ясаа хугалсан бол 45 нас орчим насанд тэдний ясны эдүүдийн нягтрал нилээд хэмжээгээр буурсан үзүүлэлт гарлаа. Яагаад ийм өндөр эрсдэл үүсдэг шалтгааныг бид яг таг тодорхойлж чадаагүй. Энэ судалгааны дүнг эцэг эхчүүдэд хүртээл болгох нь зүйтэй. Тэд өөрийн хүүхдүүдийг ясны бэртэл гэмтлээс сэргийлэх арга замыг судалж мэдэж авахын зэрэгцээ үүнээс сэрэмжилж сурах ёстой” хэмээн эрдэмтэд зөвлөжээ. Шинэ Зеландын эрдэмтдийн судалгааг “Osteoporosis International” сэтгүүл нийтэлжээ.