ОХУ-ын Гамалеин нэрэмжит Тахал, микробиологийн үндэсний хүрээлэнгийн захирал Александр Гинцбург “Коронавирүсийн шинэ хувилбаруудын эсрэг вакцин бүтээхээр манай эрдэмтэд ажиллаж байна. Тухайлбал, омикроны шинэ штамм“кракен”-ий эсрэг. Шинэ вакцин маань Х үсэгтэй хувилбаруудын эсрэг үйлчилгээтэй байх юм, XBB ба XBВ.1.5 (кракен). Вакциныг аль болох хурдан бэлэн болгохоор хүчин чармайлтаа дайчилж байгаа. Кракен хувилбар Орост хэр хурдан тархахыг хэн ч хэлж мэдэхгүй” хэмээн мэдэгдсэн тухай “РИА Новости” агентлаг дамжууллаа. “COVID-19”-н вакциныг шинэ штаммд зориулж өөрчлөхийг Оросын Засгийн газар зөвшөөрчээ. Иймээс зохион бүтээгчид өмнө бүртгүүлсэн вакцинаа өөрчлөхийн зэрэгцээ клиник туршилтын бүрэн мөчлөгийг дуустал явуулах шаардлагагүй болов.
Түүнчлэн “Pfizer”, “Moderna” ч бас шинэ штаммд зориулж вакцинаа өөрчлөх ажлыг эхэлсэн тухай мэдээ цацагдаж байна. Дашрамд дурдахад, чухам кракен штамм одоо АНУ, Европ, Хятадад хүчтэй тархаж байгаа билээ. Нэмж өгүүлэхэд, “Омикроны эсрэг тусгайлан бүтээсэн вакцинуудын ачаар хүндээр өвчлөгсдийн тоо буурсныг судалгаа баталлаа” хэмээн алдартай сэтгүүл “The Lancet” бичжээ.