АНУ-ын Питтсбургийн болон Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн эрдэм шинжилгээний шинэ ажил бөөн шуугиан тарилаа. Тэд хиймлээр хүн ба мэрэгч амьтдын эсүүдийг ургуулж туршилт явуулсан тухай “Nature Communications” сэтгүүлийн нийтлэлд дурджээ. "Маникюр хийх үед хумсны будгийг хатаах зориулалтаар ашигладаг чийдэнгийн гэрэл нь хүн, амьтны бие махбодид молекул, эсийн түвшинд нөлөөлж байв. Ийм гэрэл бүр ДНК-г гэмтээх эрсдэлтэй, хавдрын өвчний үед мутаци үүсгэж болзошгүй болохыг манай туршилт харууллаа. Товчхондоо, маникюрын чийдэн нь арьсны хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж дүгнэж болно” хэмээн эрдэмтэд сэрэмжлүүлэв.
Эрдэмтэд 3 өдөр дараалж тус бүр 20 минутын турш хүн ба мэрэгчдийн эсүүдийг маникюрын чийдэнгийн гэрлээр "шарж" үйлчилжээ. Эхний шарлагын дараа эсүүдийн 20% үхсэн бол 3 дахь удаад нийт эсийн 65-70% үхэв. Үүний зэрэгцээ амьд үлдсэн эсүүдийн ДНК гэмтэж арьсны хорт хавдар шиг мутаци үүсэх шинж тэмдэг ажиглагдсан. "Ийм чийдэн ашиглахыг шууд хорих боломжгүй. Одоо бид энэ мэдээллийг нотлох буюу үгүйсгэхийн тулд нэмэлт туршилт явуулахаар төлөвлөж байна" гэж эрдэмтэд мэдэгджээ.