өдөр
шөнө
×

Архи хэдэн нас хороодог вэ?

Архи, согтууруулах ундаа ямар хор хөнөөлтэйг мэдэхгүй хүн байхгүй. Гэхдээ л дахин сануулахад гэмгүй байх. Алкоголь бол тэжээлийн бодисуудыг бие организмд шингэхэд саад болж дархлааны системийг дарамталдаг, мөн цусны даралтыг нэмэгдүүлж зүрхний өвчин тусахад ихээхэн нөлөөлдөг. Хамгийн аймаар нь алкоголь нь хүний тархи, мэдрэлийн систем, зүрх, элэг, нойр булчирхай зэрэг бараг бүх эрхтэнийг гэмтээдэг болохыг эрдэмтэд баталсан билээ. Алкоголь үнэндээ нэг ёсны токсин бөгөөд эсүүдийг гэмтээж үрэвсүүлдэг. Дашрамд дурдахад, Харвардын их сургуулийн эрдэмтэд 2022 онд судалгаа явуулаад “Алкоголийг хэрэглэх нь зүрх судасны өвчин тусах өндөр эрсдэлд хүргэдэг” хэмээн мэдэгдсэн юм. 
Харин “The University of Victoria”-н дэргэдэх Сэтгэцэд нөлөөлөх бодисуудын хэрэглээг судлах Хүрээлэнгийн доктор, эрдэмтэн Тим Стоквелл архи, согтууруулах ундаа таны хэдэн нас, өдрийг хороохыг маш нарийвчлан тогтоож чаджээ. 
“7 хоногт 2 удаа лонх шар айраг, эсвэл хундага дарс, эсвэл 2 хундага ликер уудаг бол таны амьдралын нас 3-6 өдрөө багасна. Хэрэв өдөрт 1 удаа ямар нэг алкоголь хэрэглэсэн тохиолдолд нас тань 2,5 сараар хорогдох юм. Гэтэл 7 хоногт 35 порц алкоголь (өдөрт 5-ыг эсвэл 7 өдрийн турш 2 лонх виски) уудаг хүмүүсийн амьдрал 2 жилээр богиносдог” хэмээн тэрбээр ярилаа. Түүнчлэн доктор Стоквелл сүүлийн 40 жил хийгдсэн 107 судалгааг нэгтгэн томоохон анализ хийсэн аж. “Алкоголийг маш бага хэмжээгээр хэрэглэсэн ч үхэх эрсдэл нэмэгдэж байна” гэж Тим Стоквелл дүгнэжээ. 
Нэмж өгүүлэхэд, “Centers for Disease Control and Prevention”-н мэдээгээр алкоголь хэтрүүлж хэрэглэснээс болж жилд нас барсан хүмүүсийн тоо 2016-2017 онд 138 мянга орчим байсан бол 2020-2021 онд бүр 29% нэмэгдэж 178 мянга давжээ. Энэ бол хар тамхины улмаас нас барагсдын тооноос давсан дүн. Иймээс хүн бүр дор бүрдээ архи, согтууруулах ундаа хэрэглэхээ болих ёстой, ядаж л багасгахыг хичээгээрэй. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top