Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “Коронавирүсийн Цар тахал энэ 2023 онд дуусгавар болно гэж бид найдаж байна. Манай гарагийн улс орнуудад энэ өвчнөөр нас барах нь эрс багасчээ. 7 хоногт нас барсан хүний тоо нь анх Цар тахал зарласан үеийнхээс цөөхөн болсон. Ийм учраас “COVID 19” дуусч олон улсын эрүүл мэндийн салбарт зарласан Онц байдал, Цар тахал төгслөө гэж энэ жил хэлэх болно гэдэгт би итгэж байгаа. Цар тахлын сургамжийг бид мартаж болохгүй. Цар тахлын үеэр хариу арга хэмжээ авахдаа удаан хугацааны турш хайнга, хэнэггүй байдал гаргаж байсныг дахин давтахаас сэргийлэхийн тулд шаардлагатай бүхнийг хийх ёстой” хэмээн мэдэгдлээ. Эргэн сануулахад, 2019 оны 12 сарын 31-нд Хятадын эрх баригчид үл мэдэгдэх хатгаа өвчин Ухань хотод дэгдсэн тухай ДЭМБ-д мэдээлсэн. Харин ДЭМБ 2020 оны 3 сарын 11-нд шинэ коронавирүсийн тархалт үнэндээ Цар тахлын шинжтэй болж хувирсныг мэдэгдсэн билээ. Ийнхүү 3 дахь жилийн ойн дээр дэлхийг донсолгосон Цар тахал дуусах бололтой.