АНУ-ын Нью-Йоркийн их сургуулийн эрдэмтдийн шинэ судалгаа шүд цөөрөх ба танин мэдэхүйн чадвар хоёрын хооронд уялдаа холбоо байгааг тогтоолоо. Тэдний ажлын үр дүнг “Journal of Dental Research” нийтэлжээ. “Шүд цөөрөх, мөн чихрийн шижин өвчин тусах нь танин мэдэхүйн чадварт сөрөг нөлөөлж байна. Цаг тухайд нь шүдээ эмчлүүлэх, мөн чихрийн шижинтэй хүмүүс тогтмол хяналтад байвал ой ухаан муудах, сэтгэх чадвар доройтож буурахаас сэргийлж чадна. Энэ нь мөн Альцгеймерийн өвчинд ч хамаатай. Эрт шүдгүй болох тусам хожим ой ухаан муудах зэрэг таагүй уршигтай. Иймээс хүүхэд насаас, залуугаасаа шүдээ арчилж тордож хамгаалж байх хэрэгтэй” хэмээн эрдэмтэд мэдэгдэв.
Америк эрдэмтэд 2006 оноос 2017 он хүртэл буюу 12 жилийн турш ахимаг насны 9948 хүнийг судалжээ. Тэднийг насаар нь ангилж 65 -74 настай, 75 -84 настай, 85 ба түүнээс дээш настан гэсэн 3 бүлэгт хуваасан. Ой санамж, танин мэдэхүйн чадвар зэрэг үзүүлэлтээр оролцогчдыг 2 жил тутамд дүгнэж, үүний зэрэгцээ тэднээс асуулга авч шүдний тоо, чихрийн шижин зэрэг эмнэлгийн болон хүн ам зүйтэй холбоотой бусад асуудлыг тодруулдаг байв. Тэгэхдээ ганц ч шүдгүй болсон хүмүүсийг онцгойлон авч үзжээ. Огт шүдгүй, бас чихрийн шижинтэй 65-84 насны оролцогчдыг шүдтэй, ямар ч өвчингүй хүмүүстэй харьцууулж үзэхэд танин мэдэхүйн чадвар муудсан нь батлагдав. Чихрийн шижинтэй 65-74 насны хүмүүсийн сэтгэх явц хурдан буурч байжээ. Үүнээс муу үзүүлэлтийг чихрийн шижинтэй бөгөөд огт шүдгүй хүмүүс л харуулсан, өөрөөр хэлбэл тэдний танин мэдэхүйн чадвар хамгийн хурдан мууддаг аж.
“Чихрийн шижин өвчин яагаад ой ухаан муудах гол хүчин зүйл болж байгааг бид олж тогтоосон. Цусан дахь саахарын түвшин өндөр, инсулинд үзүүлэх биеийн эсэргүүцэл, үрэвсэл ба түүнтэй холбоотой зүрхний өвчлөл зэрэг нь уураг тархины өөрчлөлтөд хүргэдэг.... Түүнээс гадна шүд цөөрсний улмаас зажлалт муудаж хоолны цэс өөрчлөгдөн тэжээлийн бодисын дутагдалд оруулах хандлагатай аж. Алдагдсан 1 шүд нь танин мэдэхүйн чадвараа алдах эрсдэлийг 1,4% нэмэгдүүлж, ой ухаан муудахыг 1,1%-иар ихэсгэдэг” хэмээн эрдэмтэд тайлбарлав.
Сонирхолтой нь, шүдээ авахуулсны дараа хиймэл шүд хийлгэж зүүсэн хүмүүсийн танин мэдэхүйн чадвар буурах эрсдэл бага аж. Тиймээс хэрэв та амны хөндийн эрүүл мэндийг сайтар сахидаг бол ой ухаан муудах явц саарна гэсэн үг. Нэмж өгүүлэхэд, манай гарагийн 65-аас дээш настай 14 хүн тутмын 1 нь деменци өвчтэй, харин 80-аас дээш насныханд энэ үзүүлэлт 6:1.