Францын Сен-Пьер сүмд XVI зууны үед оршуулсан хүмүүсийн шарилаас коронавирүсийн эртний хувилбар олдсон тухай “International Journal of Infectious Diseases” мэдээлэв. Францын эрдэмтэд эндхийн 12 шарилын 10-аас нь шүд, эрүү зэрэг газраас дээж авч судалжээ. Тэд бүгд эрэгтэй, 30-60 насны хүмүүс байв. 2 хүний дээжээс 36 аминхүчилтэй пептид дарааллыг илрүүлсэн, өөрөөр хэлбэл коронавирүс байгааг. Гэхдээ эртний энэ вирүс нь орчин үеийнхээс эрс өөр байлаа. Энэ вирүс хүмүүсийг хүнд өвчлүүлсэн эсэх, нас баралтын шалтгаан болсон эсэхийг эрдэмтэд тодруулж чадаагүй. Гэхдээ коронавирүс чухам амьтнаас хүмүүст халдсан гэж тэд үзжээ. 16-р зууны хүмүүс мал, шувуу, нохой, буга зэрэгтэй их ойр амьдарч байсан. Харин чухам эдгээр амьтад нь хүмүүст халдварлах чадвартай коронавирүсийг тээгчид ажээ.
Коронавирүсийн Цар тахлыг дэгдээсэн “SARS-CoV-2” хэмээх вирүс бол энэ төрлийн вирүсүүдийн зөвхөн нэг нь юм. “SARS-CoV” хэмээх амьсгалын замын хурц, хүнд өвчин үүсгэдэг вирүс, мөн Ойрхи Дорнодын “MERS-CoV” зэрэг нь 2002-2003 он, 2012-2020 онд нэгдэж хэдэн зуун хүний амийг авч оджээ. Эрдэмтэд одоо бүх коронавирүсийн бүрэн түүхийг сэргээхээр ажиллаж байна. Дэлхийн 1-р дайны үеэр буюу 1914 онд Францад амь үрэгдсэн 5 цэргээс коронавирүсийн эсрэг биет олджээ. Харин Сен-Пьерийн шарилаас олдсон вирүс бүр эртнийх болж таарчээ.