“Жирэмслэлтийн эсрэг үйлчилгээтэй дааврын бүх эм, хэрэгсэл ямар нэг байдлаар хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг бид олж тогтоосон, түүнчлэн прогестаген агуулсан эм ч ялгаагүй. Жирэмслэлтийн эсрэг дааврын эм уудаг эмэгтэйчүүдийг тийм эм бэлдмэл хэрэглэдэггүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад хөхний хорт хавдар тусах эрсдэл 20-30% их байгааг судалгаа нотоллоо” хэмээн Оксфордын их сургуулийн эрдэмтэд мэдэгдэв. Судалгаанд Англи улсын 50 хүртэлх насны бараг 10 мянган эмэгтэйн мэдээллийг ашиглажээ. Эдгээр эмэгтэй 1996-2017 оны хооронд хөхний хорт хавдраар өвчилж байжээ. Дан прогестагентэй эм, эсвэл эстроген ба прогестагентэй эм уудаг эмэгтэйчүүдийг харьцуулахад хорт хавдрын эрсдэл адилхан байжээ. Мөн спираль тавиулсан эмэгтэйчүүдийг даавартай имплант ашигладаг, эсвэл тариулдаг эмэгтэйчүүдтэй харьцуулахад ч эрсдэл ижил гарчээ. "Ер нь хорт хавдраар өвчлөх магадлал дунд, ахимаг насныхны хувьд өндөр байдагтай энэ эрсдэл холбоотой байж мэднэ. Иймээс жирэмслэлтийн эсрэг эм хэрэглэхийн өмнө ашиг тус ба эрсдэлийг сайн тооцоолж үзэхийг зөвлөж байна" гэж эрдэмтэд зөвлөжээ.