“Эрт бууралтах нь эрүүл мэндийн шалтгаантай байх нь олонтаа. Бамбай булчирхайн ажиллагаа доголдох, ауто иммун болон мэдрэлийн системийн өвчин зэргээс болж хүмүүс эрт бууралтах магадлалтай. Зарим тохиолдолд буурал үс нь эдгээр өвчний эхний шинж тэмдэг болдог” гэж Английн эрдэмтэд мэдэгдсэн тухай “The Sun” сонин дамжууллаа.
Зарим судлаач эрт бууралтахыг зүрхний өвчинтэй холбон тайлбарладаг. Тэд эрт бууралтсан хүмүүсийг судлаад тэдний холестерины түвшин өндөр байгааг олж тогтоожээ. Гэтэл чухам энэ шалтгааны улмаас болж зүрх судасны өвчин тусах эрсдэл нэмэгддэг билээ. Түүнчлэн эрт бууралтахын бас нэг шалтгаан нь стресс байж болзошгүй. Стрессийн улмаас ялгарсан дааврууд нь меланинд нөлөөлдөг, энэ бол үсний өнгийг тодорхойлдог пигмент. Удаан хугацаагаар үргэлжилсэн стрессийн дүнд меланины ялгарал доголдож эрт бууралтах магадлалтай.