өдөр
шөнө
×

Асаалттай камераас болж сурлагын амжилт буурдаг

Калифорний их сургуулийн эрдэмтэд “Онлайн хичээлийн үеэр оюутнууд камер асаалттай эсэх, мөн өөрсдийн гадаад төрх ямархуу харагдаж байгаад илүү их анхаарал хандуулдаг. Энэ бүхэн эцэстээ тэдний сурлагын амжилтад сөрөг нөлөөлдөг болохыг бид туршилтаар баталлаа” хэмээн мэдэгдэв. Эхний туршилтад бакалаврын 170 оюутан хамрагдав. Тэднийг 8-10 хүнтэй хэдэн бүлэг болгож хуваан 15 минутын онлайн лекц сонсгожээ. Туршилтын үеэр сайн дурын оролцогчдын тал нь асаалттай камертай тасалгаанд, үлдсэн нь камерыг унтраасан өрөөнд хичээллэсэн. Хичээлийн дараа бүх оюутны түгшүүрийн түвшнийг үнэлж, тухайн лекцийг хэр ойлгосныг тест авч шалгажээ.
2-р туршилт өмнөхтэй төстэй, гэхдээ нэг бүлэгт 30-40 оюутан ногдохоор хуваарилсан. Харин 3-р туршилтад 224 оюутан оролцсон,  тэднийг санамсаргүй байдлаар 3 бүлэгт хуваажээ. 1-р бүлгийн өрөөнд камер унтрааж лекцийг сонсгосон, 2-р бүлэг камер асаалттай тасалгаанд хичээллэв. Харин 3-р бүлгийн тасалгаанд камер асааснаас гадна оюутнууд бүгд өөрийн дүрсээ харах боломжтой байлаа. Нэг бүлэгт 10-25 хүн ногдохоор хуваарилсан аж. Туршилтуудыг дүгнэхэд, камер асаасан үед оюутнууд гадаад төрхдөө илүү их анхаарч улмаар санаа зовинол, түгшүүрийн түвшин нэмэгдэж байв. Үүнээс болж тэд хичээлээ тааруу ойлгож байв. Харин өөрсдийгөө дэлгэцэн дээр харж хичээллэсэн оюутнууд хамгийн их түгшсэн нь нотлогдсон. Оролцогчдын хүйс энэхүү туршилтын үр дүнд бараг нөлөөлөөгүй гэж эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны материалыг “Applied Cognitive Psychology” сэтгүүл нийтэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top