Эрэгтэйчүүдийн өсөлт голдуу 18-20 насанд зогсдог бол охид бүсгүйчүүдийн хувьд энэ тоо 16-18. Өсөлт нэгэнт зогссон бол лууван идэж сагс тоглосон ч үр дүн багатай. Хэр өндөр болох нь тухайн хүний удамшлаас гадна хоол тэжээл, нойр, биеийн эрүүл мэнд, спорт, өвчнөөр өвдсөн эсэх гээд олон хүчин зүйлээс хамаардаг. Эдгээр хүчин зүйл ялангуяа бага болон өсвөр насанд өсөлт, нурууны өндөрт ихээхэн нөлөөлдөг.
Өндөр болох 3 арга бий гэж мэргэжилтнүүд үздэг. Үүнд: физиологийн, эмийн, мэс заслын.
Физиологийн аргад биеийн галбираа цэх, зөв байлгаж хэвших, бөгтийхөө болих, спортоор хичээллэх зэрэг орно. Бөгтөр хүн намхан мэт харагддаг, иймээс нуруугаа цэх авч явж сурвал та хэдэн см өндөр болно. Мөн спортоор хичээллэх нь бие бялдрыг цогц хөгжүүлэх, булчингуудыг бэхжүүлэх, бөгтийхгүй байх гэх мэт олон сайн талтай.
Эмийн арга бол өсөлтийн даавар хэрэглэхийг хэлнэ, энэ бол өсвөр болон идэр залуу насанд үр дүнтэй. Харин насанд хүрсэн хүмүүст бараг нөлөөлөхгүй. Үүний зэрэгцээ эмийн арга нь сөрөг үр дагавартай, харш заалттай, ялангуяа зүрх судсанд таагүй нөлөөлдөг гэж эмч мэргэжилтнүүд анхааруулдаг.
Харин мэс заслын арга нь 2 хөлний ясыг хугалж дараа нь уртааш нь татаж “ төлжүүлж ургуулах”-ын тулд 2 сар Илизаровын аппарат зүүнэ гэсэн үг. Маш их өвдөнө, их эвгүйгээс гадна өөр олон сөрөг тал бий. Тухайлбал үе мөч өвддөг болж хөдөлгөөн багасна.
Сонирхуулахад, хэт өндөр байх нь эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд үздэг. Яагаад гэвэл, хүн өндөр байх тусам хорт хавдар тусах эрсдэл нэмэгддэг гэж “Lancet Oncology” сэтгүүл бичиж судалгааны дүнг нийтэлжээ.