өдөр
шөнө
×

“COVID 19”-н дараа D витамины түвшнийг шалгуулах хэрэгтэй

Италийн Милан хотын Вита-Салюте Сан-Раффаэле их сургуулийн эрдэмтэд ““COVID 19”-өөр өвдсөний дараа D витамины түвшнийг шалгуулах хэрэгтэй. Энэ витамины хомсдолоос болж “урт ковид” буюу ковидын дараах синдром болох эрсдэлтэй” хэмээн мэдэгдлээ. Тэдний судалгааны үр дүнг “The Journal of Clinical Endocrinology & Metabolism” нийтэлжээ. “Удаан ковид” гэдэг нь халдвар авснаас хойш 12 долоо хоногоос илүү хугацаагаар “COVID 19”-н уршиг дагавар илрэх байдлыг хэлдэг. Ковидоор өвчилж эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийн 50-70%-д ингэж шаналж байгааг судалгаа харуулжээ. Эрдэмтэд шинэ судалгаандаа 51-70 насны 100 өвчтөнг хамруулав, тэдний заримд “урт ковид” илэрсэн байсан. Өвчтөнүүдийг анх эмнэлэгт хэвтэхэд D витамины түвшнийг хэмжсэн, мөн эмнэлгээс гарснаас хойш 6 сарын дараа дахин хэмжиж үзэв. Гэтэл “урт ковид”-той хүмүүсийн D витамины түвшин бусадтай харьцуулахад доогуур байжээ. Ялангуяа “толгойд манантай мэт”, “их мартамхай болсон”, “ухаан санаа самуурдаг”, “анхаарал төвлөрөхгүй байна” гэх зэргээр зовлон тоочсон өвчтөнүүдийн D витамины түвшин маш бага байв. “Судалгаанаас үзэхэд хэрэв “COVID 19”-өөр өвдсөн хүмүүсийн D витамины түвшин доогуур байвал “урт ковид” үүсэх эрсдэлтэй. Гэхдээ D витамины нэмэгдэл уувал шинж тэмдэг сайжрах, эрсдэл буурах эсэхийг бид тогтоож чадаагүй байгаа” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top