Германы Берний их сургуулийн эрдэмтэд гадаад хэлийг нойрондоо сурах боломжийг судалжээ. Хүмүүс гүн нойрын эхний үе шатанд шинэ мэдээллийг боловсруулж тогтоож чаддаг болохыг өмнө нь хэд хэдэн судалгаа нотолсон. Харин герман эрдэмтэд шинэ судалгаа явуулж гадаад хэлийг нойрондоо сурч чадах эсэхийг тодруулсан байна. Туршилтанд 30 герман сайн дураар хамрагдаж лабораторид унтжээ. Тэднийг нойрсч байх хооронд эрдэмтэд тархины идэвхжил хэрхэн өрнөж байгааг судалж мэдээлэл цуглуулав.
Туршилтын үеэр оролцогчид чихэвч ашигласан. Нэг чихэвчээр герман хэл дээрх үгийг сонсгож харин нөгөө чихэвчээр тухайн үгийн буруу орчуулгыг сонсгосон. Яагаад буруу орчуулгыг ашигласан бэ гэвэл оролцогчид тухайн үгийг мэдэж магадгүй хэмээн сэргийлжээ. Сайн дурынхныг 2 бүлэгт хуваасан. Эхний бүлэг тархины идэвхжилийн оргил үед, нөгөө бүлэг тархины идэвхжил буурах үед эдгээр үгийг сонсчээ.
Ерөнхийдөө тэдэнд 27 үг сонсгосон. Үгсийг амьтад, орон нутаг, багаж хэрэгсэл гэсэн 3 ангилалд хамааруулж болох аж. Үг бүрийг 4 удаа давтан сонсгоод 12 ба 24 цагийн дараа тест авав. Оролцогчид аль нэг ангиллын үгсийг “орчуулах” даалгаврыг гүйцэтгэжээ. Гэтэл хүмүүс тархины идэвхжил буурах үед сонссон үгээ илүү сайн тогтоосон байлаа. Зөв сонголт 12 цагийн дараа 37%, харин 24 цагийн дараа 41% болов. “Нойрсч байх үед тархи аливаа мэдээллийг тогтоож чадна, Хүмүүс гадаад үг хэллэгийг нойрондоо тогтоох боломжтой, гэхдээ үр дүн багавтар” хэмээн эрдэмтэд дүгнэжээ. Тэдний судалгааны үр дүнг “bioRxiv” нийтэлжээ.