Бие махбодийн хөгшрөлтийг сааруулах бас нэг аргыг Английн эрдэмтэд олжээ. Үүний тулд ердөө өдөр бүр хурдан хэмнэлээр алхах хэрэгтэй. Лестерийн их сургуулийн мэргэжилтнүүд “Хүмүүсийн явган алхах хурдаар нь тэдний эрүүл мэндийн байдлыг тодорхойлох боломжтой. Өдөрт 10 минут хурдан алхахад наслалт уртасна. Хурдан алхдаг хүмүүс удаан хэмнэлтэй хүмүүсээс 20 насаар илүү урт наслах магадлалтайг манай судалгаа нотоллоо" гэж мэдэгдлээ. Алхах хурд ба лейкоцитүүдийн теломерын уртын хооронд ямар уялдаа холбоо байгааг тодруулахын тулд эрдэмтэд шинэ судалгаа явуулахаар шийджээ (теломер -энэ бол хромосомын төгсгөл хэсэг бөгөөд тэдгээрийг гэмтлээс хамгаалдаг). Тэд Английн дунд эргэм насны 406 мянган хүмүүсийн гений мэдээллийг тэдний алхах хурдтай харьцуулж үзэв. Оролцогчид өөрсдөө мэдээлэл өгсөн, үүний зэрэгцээ тэдний зүүдэг фитнес-бугуйвчаас мэдээлэл цуглуулсан байна. "Эсүүд хуваагдах бүрд теломерууд богиносдог, улмаар эс цаашид хуваагдаж чадахаа больтол богино болдог. Энэ процесссыг “репликатив хөгшрөлт” гэж нэрлэнэ. Теломер богино байвал эсийн хуваагдлын олон мөчлөг өнгөрч эс хөгширсөн гэсэн үг. Хөгшин эсүүд олшрох тусам насны эрхээр архаг өвчинтэй болох эрсдэл өндөрсдөг. Лейкоцитүүдийн (цусны цагаан эсүүд) теломер бол хүний бие махбодийн биологийн насыг маш нарийн тодорхойлдог, энэ нь бодит насаас их ба бага байж болно. Биеийн хөдөлгөөний нийт идэвхжлээс үл хамааран хурдан алхах зуршилтай хүний лейкоцитүүдийн теломерууд нь удаан явдаг хүнийхээс урт байсан... Хурдан алхдаг зуршилтай хүмүүс дунд эргэм насандаа удаан явдаг хүмүүсээс 16 насаар залуу байв. Тиймээс энгийн, бүгдэд хүртээмжтэй энэ аргын тусламжтай эрүүл мэндээ сайжруулж улмаар урт наслах боломжтой" гэж эрдэмтэд дүгнэжээ.