“Бие махбодийн биологийн хэмнэлээс зөрж шөнийн ээлжинд ажиллах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ба үүний хор уршиг бүр олон жилийн дараа ч мэдрэгдсээр байдаг” хэмээн Английн Уорикийн их сургуулийн болон Францын эрдэмтэд мэдэгдлээ. Тэд Францын нэгэн эмнэлгийн 140 ажилтныг судалгаандаа хамруулжээ. Ажилтнуудын 63 нь шөнийн ээлжинд тогтмол ажилладаг, үлдсэн нь өглөө ба өдрийн ээлжинд гардаг байв. Судалгаанд оролцогчид бүгд 7 хоногийн турш бугуйндаа цахим төхөөрөмжийг 24 цагийн турш огт салгахгүй зүүжээ. Энэ төхөөрөмж нь нойрны чанар, циркад хэмнэл -дотоод биологийн цагийг хянадаг юм байна. Чухам энэ дотоод биологийн цаг л бие махбодид явагддаг физиологийн бүх процессыг зохицуулдаг билээ.
Цуглуулсан мэдээллийг дүгнэхэд, шөнө ажилладаг ажилтнуудын нойрны чанар нь өглөө ба өдрийн ээлжинд гардаг хүмүүсийнхээс дунджаар 2 дахин муу байв. Шөнийн ээлжийн ажилтнуудын бараг тал нь циркад хэмнэлийн доголдолтой байсан. Эрдэмтэд түүнчлэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн хронотипыг тогтоов. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хоногийн чухам аль үед илүү идэвхтэйг (болжмор- өглөөгүүр эсвэл шар шувуу –үдэш орой) тодруулсан байна. Гэтэл шөнийн ээлжинд гардаг хүмүүсийн амьдралын хэмнэл голдуу хронотиптэй давхцахгүй байлаа. “Шөнийн ээлжинд гардаг ажилтнууд сэрүүн байх ёстой өдрөөр унтаж, унтах ёстой шөнийн цагаар ажилладаг. Хамгийн гол нь нойр ба циркад –хэмнэлд үзүүлсэн ийм сөрөг нөлөө нь шөнөөр ажилладаг хүмүүст олон жил ажиглагдсан.... Шөнийн ээлжийн цаг урт байх тусам хямрал, доголдол улам хүчтэй байна. Энэ бол бие махбодь шөнийн ажилд дасан зохицдог гэсэн таамаглалыг няцааж байна. Бие организмын циркад –хэмнэл байнга доголдох осолтой, учир нь хавдрын болон зүрх судас, бодисын солилцоо, халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг олон тооны судалгаа баталсан” хэмээн эрдэмтэд сэрэмжлүүллээ.