Япон бол өндөр настны тоогоор дэлхийд тэргүүлдэг улс. Энд эрүүл хооллолт, генетик, биеийн дасгал хөдөлгөөн, соёл зэрэг олон хүчин зүйлээс гадна Японы төр засгийн зөв бодлого ихээхэн үүрэг роль гүйцэтгэж буйг дурдах нь зүйтэй. Япон эмэгтэйчүүд дунджаар 88 насалдаг бол эрчүүд нь 82. Тэд урт насалдаг төдийгүй амьдралынхаа сүүлийн жилүүдэд дуртай ажлаа хийж, хоббигоо хөгжүүлсээр байдаг. Гэтэл манай хөгшчүүлийн нилээд нь энэ үеийг эмнэлэгт оочирлож өнгөрүүлдэг гэхэд хилсдэхгүй. Ингээд япончуудын 5 нууцыг хүргэе.
1. Алтан дүрэм: Хэмжээтэй ид, хэзээ ч хэтрүүлж болохгүй
Япончууд цадталаа иддэггүй, ходоод 80% дүүрмэгц больдог. Өөрөөр хэлбэл, хоол идсэний дараа жаахан өлсгөлөн мэт мэдрэмж байх ёстой. Яагаад гэвэл, бие махбодиос хоол идэж дуусан цадсан гэсэн дохио сигнал тархинд иртэл 20 минут шаардлагатай. Хэрэв хүн өөрийн биед хэрэгцээтэйгээс илүү их хоолыг идвэл хоол боловсруулах системийн ачаалал ихэсдэг аж.
2. Хоол идэх бол онцгой ёслол
Япончууд бага порцоор, удаан иддэг онцлогтой. Хоолыг жижиг тавганд аягалдаг заншилтай. Ер нь япончууд ганцаараа иддэггүй, олуулаа тэгэхдээ хоолны газарт эсвэл тусгай өрөөнд иддэг. Энд явуут дундаа юм иддэггүй, зурагтын өмнө сууж суваг солингоо эсвэл компьютерын ард сууж ажиллангаа, гартаа утас бариад хооллоно гэж байхгүй. Түүнчлэн савх хэрэглэх нь илүү удаан идэж бас идсэн хоолны хэмжээг хянахад тустай.
3. Хоол танд эрүүл мэнд, энергийг бэлэглэх ёстой
Япон хоол илчлэг багатай, ханасан өөх тосгүй, зохист тэнцвэрийг баримталсан бөгөөд гол суурь нь улирлын шинэ ногоо жимс (голдуу түүхий хэрэглэдэг), далайн замаг, загас, далайн гаралтай хүнс, шар буурцаг, тофу, бүхэл үрийн хүнс. Ийм хооллолтын ачаар олон төрлийн өвчин, түүний дотор зүрх судасны өвчин тусах эрсдэл нэн бага. Түүнээс гадна япончууд ихэнх хоолоо жигнэж ууранд болгож иддэг, энэ нь тэжээллэг бодисуудыг бүрэн хадгалахад тустай ба бие махбодид амархан шингэдэг аж.
4. Цайны ёслол их чухал
Япончууд ногоон цайны ургамлаа тусгайлан ургуулж онцгой аргаар боловсруулдаг, учир антиоксидантаар баялаг. Эдгээр бодис нь бие махбодийг залуужуулах, дархлааны системийг эрүүлжүүлэх, хоол боловсруулалтыг сайжруулах, энергийн түвшнийг дээшлүүлэх, амьдралын бүх чухал функцийг зохицуулах зэрэг олон талын ашиг тустай. Ногоон цай бол мембраны эсүүдийг хадгалж хөгшрөлтийг нь сааруулдаг гэж япончууд үздэг.
5. Идэвхтэй хөдөлгөөн ба амьдралын баяр баясгаланг эрхэмлэ
Япончууд байнга хөдөлж явдаг, дасгал сунгалтаар их хичээллэдэг, явган суух дуртай. Ихэнх нь ажилдаа, сургууль руугаа алхаж эсвэл дугуй унаж очдог. Япончууд “икигай”-г эрхэмлэдэг, энэ бол амьдралын зорилго ба баяр хөөрийг эрж хайхыг номлодог гүн ухаан. Гэр бүл, бусдад туслах, гоё сайхан эд юмсыг бүтээх, сонирхолтой харилцаа зэргээр энэ амьдралын баяр баясгаланг мэдэрч талархан аж төрдөг учраас япончууд урт насалж эрүүл, чанартай амьдардаг аж.
#МЦогзолмаа орчуулав.