АНУ-ын Вашингтоны их сургуулийн эрдэмтдийн тооцоолсноор ойрын 30 жилд чихрийн шижин буюу диабет өвчнөөр шаналагсдын тоо 3 дахин нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, 2050 он гэхэд манай гарагийн 1,3 тэрбум хүн энэ өвчнөөр өвчлөх шинжтэй. Эрдэмтдийн судалгааны үр дүнг “The Lancet” сэтгүүл нийтэлжээ.
Дэлхийн улс орнууд дахь диабетын нөхцөл байдал, үүнтэй холбоотой мэдээ мэдээллийг эрдэмтэд цуглуулж нэгтгэн дүгнэжээ. “Бид 1990-2021 оны хооронд 27 мянга гаруй эх сурвалжаас чихрийн шижинтэй холбоотой мэдээ өгөгдөл олж аван судаллаа. Нийгэм, хүн ам зүйн хүчин зүйлс, таргалалтыг тооцож загварчлах арга хэрэгслийг ашигласны дүнд бид 2050 он хүртэлх диабетын тархалтыг таамаглан гаргав. Хэрэв дэлхийн улс орнуудын эрх баригчид чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх тухайд шийдмэг арга хэмжээ авахгүй бол 30 жилийн дараа чихрийн шижнээр өвчлөгсдийн тоо нэмэгдэх төлөвтэй. Бүр дэлхийн улс орон бүрд ийм хандлага ажиглагдлаа. Үүнд хамгийн их өртөх бүс нутгууд бол Хойд Африк, Ойрхи Дорнод, Номхон далайн арлын орнууд. Зарим оронд 5 хүн тутмын 1 нь диабетаар өвчлөх шинжтэй. Дээр дурдсан бүс нутагт ахимаг настнуудын дунд энэ өвчний тархалт бүр ихэснэ” хэмээн эрдэмтэд сэрэмжлүүлэв.